Цай Вэньруй: Ц.Элбэгдорж гуай Ерөнхийлөгч байхдаа Өмнөд Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдэг байсан
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-09-16

ӨМӨЗО-нд үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн асуудлаар идэвхтэй дуугарч буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байр суурийг Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй хэрхэн тодорхойлсон нь олны анхаарлыг татаад байна. Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-ы өчигдрийн /2020.09.15/ дугаарт өгсөн ярилцлагадаа "Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугиж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай" гэсэн юм.

 

 

Тэгвэл үүний хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдлэе л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Энэ бол монгол хүний амин чухал эрх ашиг. Монгол хүнийг Монгол нутаг дээр нь доош хийхийг бас тэвчихгүй. Си дарга нь ийм үйлдлийг хараад юу гэх бол? Миний хувьд бол – Persona Non Grata” хэмээн  хариу жиргэжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас  "Монгол хэл бичгийн эсрэг соёлын геноцидийг зогсооно, Өвөр Монголд дахин ийм юм давтагдахгүй,  хэл соёлоо өмөөрч шоронд хоригдсодыг суллана" гэсэн ийм гурван үгийг хүлээж байгаагаа онцлосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.