Өвөрмонголд үүсээд буй нөхцөл байдлын талаар У.Хүрэлсүх дуугарч чадсан уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-09-19

Хоймроо эзлээд сууж байх учиртай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань Хятадын ГХ-ны сайд Ван И-гийн тухалсан уулзалтын өрөөний үүдэнд хүүхэд шиг зогсчихоод хөгийн царайгаа үзүүлцгээлээ. Олон нийт ч үүнд огшин бухимдаж байна. Ван И Герман, Итали, Франц зэрэг Европийн таван оронд айлчлаад харихдаа Монголд саатаж, ГХ-ны сайд Энхтайвантай хэд хэдэн гэрээ үзэглэсэн. Үүний нэг нь Монгол, Хятадын хоорондын хилийн боомтыг гурваар нэмэгдүүлэх тухай байлаа.

Европт айлчилсан нь Америкаас өрсөж хөгшин Европт таалагдах зорилготой. Монголд айлчлахдаа 700 сая юань буюу 280 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай хэвлэлийнхэн бичиж байна. За зүгээр өнгөрсөн цагаан сараар манай энхрий хайрт Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэхдээ юун 280 тэрбум, 700 гаруй тэрбум төгрөг тараагаад цацчихсан хүн шүү дээ. Ингээд харахаар тусламж ч бай, зээл ч бай бусдаас гуйж, бөхийж авахдаа бид Ерөнхийлөгчөө жижигрүүлэх хэмжээний үнэ төлдөг юм байна.

Ерөнхийлөгчийн ард Монгол Улс жижгэрч байгаа нь бас үнэн. Ерөнхий сайдтай хамт есөн тугт Монгол бөхөлзөж байгаа нь ч үнэн. Чухам яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзалтын танхимд гаднаас орж ирж, зочин нь хоймор эзэлснийг энэ албан айлчлалыг дэглэсэн ГХЯ-ны ажилтнууд тайлбарлах үүрэгтэй. Бичгийн соёлд хүртэл улсынхаа нэрийг бусад орнуудын урд бичдэг дэг жаяг бий гэдгийг сануулъя. Ван И-г Европийн холбоо жижигрүүлж, Уйгар Шинжааны хүний эрхийн асуудлыг хөндөн хятадуудад хатуурхсаны дараа Монголын төрийн томчууд бие болоод сэтгэлийн хэлээ ийнхүү түргэн түүхий дэлгэсэн нь чухам ойлгомжгүй байлаа. Ядаж л үүд, хоймроо яг таг ялгаж, гэрийн эзэн, гэнэтийн зочин хоёроо зөв зүглүүлчих ёстой байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ван И-д хандан "Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдалд би санаа зовниж байна. Монгол хэл бичиг бол бидний үнэт зүйл. Та бүхэн хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Дэлхий даяар тархсан Монголчууд үүнд маш эмзэг хандаж байна" гэж онцолж хэлсэн хэдхэн өгүүлбэр л энэ удаагийн айлчлал тусгаар Монгол Улсад болсон гэдгийг нотлон түүхэнд үлдэх нь. Өөрөөр бол эзэн нь колони улсаа эргэхдээ хоймортоо заларчихаад, хоточ хөтөч нарынхаа тайланг сонсож байгаа юм шиг л харагдаж, бодогдож байна. Цаашдаа чих халууцуулаад байдаг Хүрэлсүх, Баттулга, Занданшатар нарыгаа олон улсын харилцаа, дипломат ёсонд сургаж, дадуулахгүй бол энэ байтугай онигоонд орно шүү. 

Р.Эмүжин: 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.