Содномын Дамдинбазар
Дамдинбазар хүү эцэг Цэдэнсодном, эх Содномын хайр ивээл дор 3 насны сүүдэр зооглох жил буюу 1877 оны зуны эхэн сард манжийн хаан дээрхийн гэгээнтэнээс Жалханз хутагтын 8-р дүр мөн хэмээн алтан савханд нэр шингэж зарлиг ирсэн аваас одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залсан байна.
Дамдинбазар нь төрөлхийн цовоо, сэргэлэн, ой сайтай байсан тул хэл бичиг, тоо зурхайн ухаан, бурхан шашин хийгээд урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил, уламжлалт арга ухааныг онцгой эзэмшиж 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж улмаар Богд гэгээний анхаарлыг татах болжээ.
1892 онд Жалханз хутагт Дамдинбазарыг их хүрээнд дуудан ирүүлж Богд Жавзандамба өөрийн шадар хамбаар ажиллуулж гадаад дотоодын болон шашин төрийн бүх хэргийг эрхлүүлсэн байдаг. Энэ үед түүнд “Хамба номын хаан” цолыг магтаалын хамт хайрласан байна. Мөн энэ үеэр манжийн хаанаас Жалханз хутагт Дамдинбазарын нэр хүндийг ашиглаж баруун хязгаарын олон ястны сүсэг бишрэлийг нэгтгэх зорилгоор Ховдын Шар сумын тэргүүнээр суулгах зарлиг буулгаж гэгээнтэнд Түшмэл сайд хэмээх 2 үсгийн цол олгосон байна. Жалханз хутагт Дамдинбазар Богдын лүндэнгээр 1911 онд Бээжинд очиж манжийн хаанд ар Монголын олон түмний санаа сэтгэлийг тайлбарлаж шинэ Засгийн бодлогыг эсэргүүцэж буйг ойлгуулан Богд хаант улсыг хэвээр нь байлгах санал тавин хаант төрийг хүлээн зөвшөөрүүлсэн гэгээнтний оюун ухаанд биширнэм.
Түүнийг 1912 онд Богд хаанаас баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, манжийн амбан олон цэргийг эх орноосоо хөөн гаргах Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм.
Жалханз хутаг Дамдинбазарын 1919 онд Бээжинд очиж хятадын удирдлагатай хийсэн хэлэлцээр нь хоёр ард түмний найрамдал, тэр үеийн цэргийн дарангуйллыг намжаасан онцгой үйл явдал болсон юм.
Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад тэр үеийн лам ноёдоос хамгийн идэвхтэй дэмжигч байж аливаа нэг асуудалд цаг үе, орчин, орон зайг нь мэдэрч хамтран зүтгэгч нараа туйлаас хүндэтгэж, яриа хэлцлийг эрхэм болгодог улс төрч нийгмийн зүтгэлтэн байсан тул 1922 онд Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдсон байна.
10-р жарны гал нохой жил буюу 1526 онд Төвдийн номын их багш Богд Зонховын анх ширээнд сууснаас хойш 25 дахь ширээтэн болж залагдсан номын мэргэн багш Жалханз хутагт Болжиржамцаас хойш Жалханз хутагтын 8 дүрийг Монголд залсан нь Очирваанийн орон хөх тэнгэрийн хийморьтой монгол түмний сүлд бурханы хувилгаан билээ. Жалханз хутагт Ц. Дамдинбазар нь 1923-06-23 нд дүрс биенийхээ зохионгуйг хурааж жанч халжээ.
Башлуугийн Жамсранжав
Дилов хутагт Жамсранжав өөрийн намтраа дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээжээ. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-нд эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян-Айраг уулын өвөрт мэндэлжээ. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж тэрбээр намтартаа дурдсан байдаг. Эцгийнхээ нэрийн учрыг хутагт тайлахдаа нанхиадаар “па-ши-луу” буюу “наян зуу” гэсэн үг хэмээжээ.
Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Диловын тавдугаар хойд дүрээр тодруулжээ. Энэ үеэс төвөд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Нэг шогол 36 үгтэй. Долоон насандаа төвөд номоо монгол руу орчуулж. 12-тойдоо төвөдөөс монгол руу, монголоос төвөд рүү судар чөлөөтэй орчуулах болжээ. Долоо настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад үсгийн нэрийн хуудастаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.
Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ: Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай зохиосон байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрбээр Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Түүнийг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Төвөдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхал харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж, эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч-тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.
Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар Америкийн Нэгдсэн Улсад морилж, Жон Хопкинсийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд багшлах болжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Хожим Нью-Жерси мужид халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба болжээ.
1960 онд Дилов хутагт “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ. 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотод насан эцэслэжээ.
Тэрээр “Ар Монголын улс төрийн дуртгал” ном бичиж үлдээсэн нь Монголын түүхийн чухал баримт, судалгааны хэрэглэгдэхүүн болж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин