Хөр цас, хөрзөнгийн утаа суунигласан бяцхан суурин минь
Өвлийн амралт эхлэх үеэр их хотын утаа, дуу чимээнээс холдож би гэдэг хүн хөдөө гэр лүүгээ явлаа. Амралт эхэлсэн болоод ч тэрүү галт тэрэг дүүрэн хүнтэй. Олон хүний агаар, дуу чимээнээс гэнэт тусгаарлагдах мэт шөнө дунд жижиг өртөөн дээр буулаа. Цасан шуурга тавьж, зам хаагдсан хүндхэн байсан ч аав минь тосохоор иржээ. Суурингийнхаа сургуульд суралцаж төгссөн би хэдэн сараар гэрээсээ хол явсан минь анхны тохиолдол байв. Намайг санасан аав, ээж хоёрт минь миний хийх үйлдэл, ярих зүйл минь сонирхолтой байгаа нь илт. Харин надад гэр бүл, нутаг ус минь л соньхон.
Суурингийн минь иргэдээс ч олон хүн “амьдрах” хөвч тайга
Өглөө эртээ боссон аав минь их л зөөлхөн хоолойгоор “Миний охион аавтайгаа хамт явах уу, самарт явсан ах эгч хоёрыг чинь эргээд ирье. Ээжээсээ асуугаад сайн дулаан хувцаслаарай” гэв. Амралтын хугацаа хэдхэн хоног үлдсэн надад гэрээсээ холдох хүсэл огт байсангүй. Гэсэн хэдий ч аавын үгнээс зөрж болохгүй тул ээжийн захиасыг цээжилж, бэлдсэн хүнсийг нь өвөртөлсөөр машинд суув. Угийн үг дуу цөөтэй аав минь үе үе санаа алдахаас өөрөөр чимээгүйхэн явцгаав. Нар унахтай зэрэгцэж зэргэлдээх сууринд хүрэв. Тэндээ нэг айлд нойр авч өглөө эрт уул руу хөдлөв. Хэдхэн цаг яваад уулын бэлд хүрлээ. Бэлээс дээш мориор гарахаар болсон тул “түрээслэж” авлаа. Их самар ургасан уулын бэлд ийнхүү явуулын дэлгүүр, самар газар дээрээс нь худалдаж авах наймаачид, “морь түрээслэх” хүмүүс гээд манай суурингийн иргэдээс ч их хүн бужигнах нь гайхмаар. Бид морио эмээлж дээш хөдлөв. Гар утасны сүлжээ байхгүй учир ахын байрлаж байгаа отогыг хүнээс сурагласаар явав. Ийн өгсөж явахад тааралдах хэдэн арав цаашилбал хэдэн зуугаараа байх самарчдын отог дараагийн гайхах зүйл минь байлаа.
Б.Мандал: Тайга бол одоо гэр шиг минь л санагддаг болсон
Эрсэн отог, хайсан хүнээ ч олов. Даан ч самартаа явчихсан тул бид хоёр нар унатал хүлээв. Самарчид таньдаг хэдээрээ нийлэн нэг гал, отог болцгоодог аж. Нэг нь галаа манан хоол цай бэлдэх бол бусад нь хоёр, хоёроороо уул руу самарт явна. Орой цуглаж хооллоод хэсэг хөзөр тоглож, хоорондоо өнөөдөр болсон сонин сайханаа ярилцах, айлын отог хэсэх зэргээр цагийг өнгөрөөнө. Хэдийгээр өрх гэрээ тэжээхээр хол хөдөө, гадаа яваа ч галаа таслаж болохгүй. Миний нүдээр тэдний амьдрах орчин хийж буй үйлдэл дэндүү өрөвдөм, хэцүү санагдана. Тэнд ахмад настан, гэр бүл, сургуулийн хүүхдүүд гээд нас хүйс үл харгалзан, бүгд л самарын төлөө хөдөө бараадацгаажээ. Анх удаа самарчдын отог, уул бараадсан надад хүйтэн шөнө хээр хонохоос илүү тэдний ахуй сонин санагдсан тул ах, эгч хоёроосоо очсон газрынхаа сонин сайхан, хүнд хэцүүг нэг бүрчлэн шалгаалаа.
Б: “Өө энд тэгээд л өглөө эрт босч шөнө орой унтана. Залуу хүмүүс бол сайн түүдэг. Ах шиг нь нас өндөр хүмүүс ямар өндөр модонд авирч чадах биш чирэгдээд л шуудайгаа үүрээд алхана шүү дээ. Яахав хамт явж байгаа хүмүүсийн буянд хэдэн төгрөг хийгээд л байна. Хүүхдүүд уурлах л юм. Хүйтэн тайгад олон хоногоор явж биеэ өвтгөлөө, хэдэн цаасны хойноос энэ хүйтэн тайгад амьдарлаа гээд л. Даан ч хөгшин ах нь зүгээр сууж чадахгүй ажил л хиймээр болох юм. Суманд муу ахыг нь тоож ажил хийлгэх газар алга даа. Уулнаас уул дамжин ингээд л явж байна. Ирээд сар шахуу боллоо. Муу хөгшиндөө л санаа их зовох юм” гэж ярьсаар гутлаа тайлан нойтон жийрэгээ галын зах бараадуулав. Самарчдын дийлэнх нь орос бакаль, хаа нэг эсгий гутал өмссөн харагдана. Хэдэн ч оймс давхарлаж өмссөн юм бүү мэд. Түүнийхээ гадуур ороолт ороосон харагдана. Сонирхон асуувал “Өдөржин нойтон хөлтэй явна шүү дээ. Орой ирээд галд хөлөө ээгээд суух л жаргал юм даа” гэцгээх.
З,М: “Манайх хүү, охин хоёртой. Хоёулаа аймгийн төвд сурдаг. Эгч нь их л онц сурдаг гэсэн. Хаа нэг уулнаас буугаад очихоор хэд, хэдэн медаль авсанаа үзүүлнэ. Муу бор хүү маань яах вэ ээжийгээ дууриасан сэргэлэн хүү бий. Эгчээрээ хань бараа хийгээд л явдаг. Очихоор ахиж явахгүй биз дээ гээд л уйлна. Бодвол айлд өлсөж цангаад хэцүү л байдаг байх. Суманд ажил олдохгүй хот бараадхаар олон жил уул хадаар амьдарсан бидэн шиг хүмүүст зохихгүй юм билээ. Нэг жил хотод амьдарч үзсэн. Адаглаад хүмүүстэй учраа олж чадахгүй, олигтой ажил ч олдохгүй, олсон хэдэн төгрөг нь хэрэглээгээ давахгүй юм билээ. Түүний оронд ингээд ууланд самараа түүгээд олсон хэдэн төгрөгөө үр хүүхдүүддээ зарцуулаад явсан нь дээр. Тайга бол одоо гэр орон шиг минь л санагддаг.” Ингэж ярихтай зэрэгцээд түүний эхнэр гаднаас түлээний хэдэн мод тэврэн орж ирэв. Түүнээс өдөржин бэргэсэн (эр хүмүүстэй зэрэгцэн ууланд авчир,ч мод руу өгсөж, шуудай дүүрэн боргоцой үүрсэн эмэгтэйг хүндэлж сүрдэх юм билээ ) би одоо л ярилцах боломж олдов.
З: Өө би их жоохондоо ханьтайгаа нийлсэн. Хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон. Одоо нэгэнт л хамтдаа амьдарлаа босгоно гээд эхэлсэн болохоор ингээд уул, хадаар дагаж хэсээд явна даа. Эхэндээ хэцүү л байсан. Гэхдээ ажилгүй суух бүр хэцүү. Хоёр хүүхдээ их санана. Яваад очъё гэхээр хэдэн төгрөг цуглуулмаар байдаг хэцүү шүү дээ. /инээв/ Маргааш нөгөөдрөөс бууж хоёр хүүхдийнхээ ёлкны мөнгийг нь явуулна. Айлд тэмдэглэх юм чинь ядаж бэлэг авч идэг дээ. Сүүлийн хоёр, гурван жил баяр ёслолоор муу хоёр хүүхэдтэйгээ байсангүй. Осолдохгүй цагаан сараар л ёс үйлдэж хэдэн айлаар орох юм. Хүмүүс эмэгтэй хүн отогтоо үлд гэдэг л юм. Надад харин ханьтайгаа гангар, гунгар гээд ууланд явж байсан нь хамаагүй сайхан байдаг юм. Отогтоо ганцаараа үлдэхээр гиеүүрч хоёр хүүхдээ баахан санана” хэмээн эмэгтэй хүний зөөлөн зангаар чимээгүйхэн уйлав. Тэдний урцнаас холгүйхэн самараа салхинд хийсгэх хоёр хүүхдийг бараадав.
Т: Надад аав байхгүй ээ. Ээж харин суманд ажиллдаг хэдий ч олсон мөнгө нь бидэнд хүрэлцдэггүй. Айлын том хүүхэд болохоор ээждээ туслаад хаана ажил гарна тийшээ л явна. Ах нарыгаа дагаж энд ирсэн. Овоо хэдэн төгрөг хийгээд буухаар байна. Дүү нартаа очоод амттай юм л ихийг авч өгнө дөө. Ээжийнхээ хооолыг л их санаж байна. Энд дандаа гоймонтой шөл, будаатай шөл идээд уйдаж байна” гээд тамхи асаав.
Л: “ Надад ах, дүү, аав, ээж байхгүй ээ. Саяхан хөгшин ээж маань өнгөрсөн. Одоо бол найз нөхдөөрөө л хань хийж явна. Сургуульд сураагүй надад олдох ажил цөөхөн. Хотод таньдаг хүн байхгүй болохоор нутаг уснаасаа холдож чадахгүй л явна.” Энэ мэтээр амьдралын эгэл боргилыг ярилцаж суутал нөгөө хоёрын ажил ч дуусаж, урцандаа орж амарцгаахаар болов. Мэдээ орсон цагаасаа хойш тийм хүйтэн шөнө, тийм хүйтэн газар хонож үзээгүй надад өвлийн шөнө даан ч урт санагдлаа. Гэвч өнөөдрийн харсан бүхэн минь даарахаас илүүтэй толгойд эргэлдэнэ.
Улсдаа хаягдаж, уулаа бараадаж, урцаа дулаацуулсан хүмүүс
Өвлийн хүйтэнд хөвчийн ууланд хувцастайгаа унтаж үүр цайлгасан аав бид хоёр өглөө эрт хээрийн цай уугаад гэр лүүгээ мордох болов. Хөвчийн ууланд, хөр цасан дунд самар түүж, ар гэрийнхээ амьдралыг босгох гэж яваа миний ах эгч хоёр, зүгээр сууж чадахгүйдээ залуучууд бараадан тус болж яваа өвгөн ах, ээж, дүү нартаа тус болох гэж яваа айлын том хүү, аав ээжийгээ алдсан өнчин ганц залуу гээд.. уулзаж ярилцсан бүхний ой дундах амьдрал, ой тойнд минь сэргэн, сэтгэл минь хорогдож эргэж харан, харан аажуухан уулнаас буув. Чадал минь хүрдэг бол бүгдийг нь дагуулаад хамт буумаар...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин