П.Батхуяг: Миний л үзсэн ГАМЛЕТ
Нийтлэл
/
2020-11-20

Манай театрт ахиад Гамлет гарцаагүй гарна. Тэр нь би биш байна. XXI зууны Монгол Гамлет өөр хүн байх болно. /Л.Жамсранжав/

 

Монголын театрын түүхэнд төдийгүй бүр Ази тивд анх удаагаа ХХ зууны манай театрын томоохон “үзэгдэл” Л.Жамсранжав гуай Гамлетын дүрийг 1979 онд бүтээжээ. Даанч тэр үед би дөнгөж дөрөвхөн настай хашаа гэр хоёрын дунд харайж явснаас юун театр, кино, урлаг соёл юугаа мэдэх билээ. Хожим олон мэргэдийн амнаас ямархан гайхамшгтай Гамлет бүтээснийг уншиж, сонсож явлаа. Сүүлд Л.Жамсранжав гуайн нэг CD сонссон санагдана. Гэхдээ л бодит тайз хэмээх цаг хугацаа- орон зайн орчинд юу болж өрнөснийг мэдэхгүй. Харин азаар миний үзсэн дараагийн “монгол” Гамлет бол жүжигчин Сугарын Болд- эрдэнэ байлаа. Бүхэл бүтэн 4 цаг шахам үргэлжилдэг, магадгүй Дэлхийн хамгийн хүнд сонгодогуудын нэг тэр л жүжгийн турш С.Болд-Эрдэнэ /Гамлет/ шаналал, зовуурь, түгшүүр гурвыг сэтгэлд тултал мэдрүүлж билээ. Тэгвэл С.Болд-Эрдэний бүтээсэн Гамлет ямар байсан бэ?
...Хүн ер нь уг чанараараа хамгийн их учир битүүлэг биологийн төрөл зүйл. Махан бие бодь яах вэ, бусадтайгаа л ав адил бүтэцтэй, арьс мах яс төдий. Гэтэл өнөө эрс ялгардаг оюун ухаан, гол нь сэтгэлзүйн ээдрээтэй зөрчилүүд л биднийг ХҮН болгодог гэдгийг хэн хүнгүй мэдэх хойно. Үнэндээ С.Болд-Эрдэнэ Гамлетаа хүний сэтгэлзүйн дотоод зөрчлүүдийн ТӨВД өөртөө тээнэгэлзсэн, өөрийгөө гайхсан, жүжгийн туршид байнга түгшүүртэйгээр эргэлзсэн, болж өрнөөд байгаа хамаг бүгдийн учир шалтгааныг огт ойлгоогүй мэт зовуурьтай байдлаар тов тодорхой биш атлаа” тодорхой” мэт нөхцөл шалтгаануудыг жинхэнэ дээд түвшний мэргэжлийн жүжигчнээс л гарах “шаналал” дотор бүтээсэн юм. Нүдний харц, эрэмгий биш байдал, тайзан дээрх хөдөлгөөн бүрийн хэлэмж нь хэдийгээр жүжигчин бүгдийг тооцож дүрээ бүтээдэг ч ямар тооцоонд ороогүй хар зөнгөөрөө, далд авьяас мэдрэмжээрээ бүтээдэг агшин байдгийг үзэгчдэд ойлгуулж байсан юм.
...Ертөнцийн юмс үзэгдэл бүхэн шалгарал хийгээд ялгарал гэж бий. Хэрэв тийм зүйл үгүйсэн бол бидэнд ”ЯЛГАА” гэдэг ядаргаатай үг ямар ч хэрэггүй байхсан. Уран сайхны ертөнцөд ялгарч байна гэдэг шалгарч гарахын үүд үндэс байдаг. Тэр / С.Болд-Эрдэнэ/ гоёчилсон үзүүлбэр хэлбэрээр бус ур чадвараараа, ухаалаг тоглолтоороо жүжигт үнэхээр ялгарч чадсан юм. Өмнөх гадна дотны Гамлетууд жүжгийн оргил цэг “оршихуйн” соло үзэгдлийг гүн ухаанч, илүү нухацтай байдлаар харуулсаар байгаад бүгд л тэр хэсэг дээр жүжигчид тэгэх ёстой мэт хэвшмэл сэтгэдэг болчхоод байжээ. Харин С.Болд-Эрдэнэ Гамлетад оногдсон бүх үйлийн тээшийг бүрэн тээгээд зогсохгүй, үзэгчдэд бодох, шаналах, түгших, зовиурлах хувь үлдээж чадаж байсан нь түүний ялгарал, нэг талдаа манай шинэ үеийн драмын урлаг дахь томоохон шалгаралын жишээ болж үлдсэн юм. Тэгээд ч жүжгийн бүхий л бүлэг үзэгдлийн турш С.Болд-Эрдэний хүчтэй тоглолтын эрчим хүч тайзнаас хальж танхимыг бүхэлд нь бүрхэх шиг санагдаж байлаа.
...Өнөө цагийн олон ”тоглогчид” байгалиас заяасан махан биеийнхээ гажиг согогоор олны өмнө наадаж байдаг. Харамсалтай нь тэднийг ч бас жүжигчин гэдэг. Ялгаагүй үйл явдал хөөж, үдийн цайны хачир шиг юм бичээд зохиолч гэж нэр хүртдэгтэй адил үзэгдэл. Харин ийм үзэгдлийг ялгаж зааглах, үнэ цэнийг үнэнээр тогтоох үүрэг утга зохиол судлалд ч, урлаг судлалд ч аль алинд нь байдаг. Манай театр судлалын” загалмайлсан эцэг” Самдангийн Дашдондог өөрийнхөө үзсэн Гамлетыг ингэж бичиж байлаа. “ Жүжигчин Л.Жамсранжав Гамлетын дүрээр хар санааны эсрэг сайн санааны ялалтыг утга төгөлдөр харуулав. Тэр нь эцгийнхээ сүнсийг үзээд гайхан биширч, эхийнхээ тэвчээргүй байдлыг жигшин зэвүүцэж, Клавдигийн бузар явдлыг мэдээд үзэн ядаж, Полонийн зусар бялдууч байдлыг ёгтлон дайрч байгааг үгийн болон сэтгэлийн үйлдлээр үнэмшилтэй үзүүлэв. Л.Жамсранжав авьяас билиг, уран чадварын хувьд үзтэл өсөж яваа жүжигчин”/С. Дашдондог” Жаран жилийн шастир” УБ 2016, 248 / гэжээ. Тэгвэл миний үзсэн Гамлет ямар ч гайхамшиг тохиолдсон биширч гайхахааргүй догширсон, ялимгүй сэхүүн, жигшин зэвүүцэж, үзэн ядахын утга учрыг хэдийнээ таньсан мэт бодлогошронгуй, зусар бялдууч, аливааг арга саам хийж өнгөрүүлэхийг хүсэгчдийг үзсээр тоохоо больсон мэт өршөөнгүй, тийм атлаа хурц шийдэмгий, гэнэн томоогүй, хайр сэтгэлийг ч эрхэмлэгч, өс хонзон санагч, үйлийн үрийнхээ галд амь тэмцэн шатагч зэргээр эцэслэн тодорхойлоход тун бэрх дэндүү олон талтай байсан юм. Нэг л жүжгийн нэг л дүрийг тийм баялаг хэв шинжтэй бүтээж болохыг ”авьяас билиг, уран чадварын хувьд үзтэл өсөж яваа...” /С.Д/ жүжигчин С.Болд-Эрдэнэ илт тодорхой харуулсан юм.
...”Хоёр амь” киноны өвчтэй хүү аав жүжигчин С.Болд-Эрдэнээс “Аав,аа буян гэж юу вэ?” гэж асуудаг юм. Энэ нь зөвхөн киноны хэсэгхэн кадр дотор ааваасаа асууж буй асуулт төдий бус. Бүгдээс асууж байгаа юм. Хүнийг хэл амаа унжуулж, хөл гараа савчаад инээлгэх буян байх л даа? Гэхдээ ухаарч сэхээрэхийн дэргэд бол ямар ч буян биш. С.Болд-Эрдэний бүтээснээр Гамлетыг үзсэн хүн бүхэн түрхэн зуурын алиа марзагнал, инээд хөөр бус зүрх сэтгэлийг нь ухаарлын модон алхаар тогшсон эмзэглэлийг тээсээр театрын хаалгаар гарч байсан биз. Зүгээр л инээгээд гарсан “маанаг” ч байсан л биз. Жинхэнэ театр бол хөнгөн зугаацлаас зуун алхам, зуугаас илүү алхам хол байж хүний тархи толгойд ухаарлын утсыг доргиож байх ёстой гэсэн тогтсон таалал, нэгдсэн ойлголт бий. Буян гэдэг Гамлетын хувьд өс хонзон авах явдал гэж бид нийтээрээ ухаардаг. Гамлет хөөрхий хохирсон аавдаа буян хийж, нүгэлтнүүдийг илчилж байгаа гэж боддог. Даанч тийм биш. Магадгүй бид нартай хамт л яг тэгж сэтгэж бодсон бол С.Болд-Эрдэний Гамлет, Л.Жамсранжав, эсвэл Иннокентий Смоктуновский, Бенедикт Камбербетчийн бүтээсэн аль нэг Гамлетын сүүдэр болох байсан юм. Тэгвэл миний үзсэн Гамлет /С.Болд-Эрдэнэ/ хэзээ ч өс хонзонг урьдал болгодоггүй, харин ч бүгдийг зохицуулахыг эрмэлздэг, бүгдтэй зохицож оршихыг хүсдэг. Гэтэл түүний /Гамлет/ хүссэнээр бүх зүйл болохгүй, хэзээ ч болох учиргүйг таниулах гэж тэр дүрээ бүтээсэн ажээ. Үзүүлэх бус үзэл санааг тоглоно гэдэг тэр.
...Анх түүний тоглосон “Надаар тоглосон хайр” ч билүү жүжгийг үзэж байлаа. Үзээд л театраас гарсан. Гараад л мартсан. Дараа нь алдарт ”Парисын дара эхийн сүм”-ийн Квизимода, “Хоёр амь” киноны зовлонт аавыг үзээд л тайз, дэлгэцнээ С.Болд-Эрдэнэ гараад ирэхээр уран сайхны бүх “өгөгдсөн нөхцөл” нэг л өөр амьсгалтай болоод тэр бүгдийг хөтлөөд хөглөөд” явчихдаг” чадвартай болохыг мэдэрсэн юм. Тэр л мэдрэмж Гамлетаас ч бас төрсөөр байж билээ. Саяхан үзсэн “Фауст”-аас ч ялгаагүй.
...Гамлетад харизм байсан уу? Суут У.Шекспер “Данийн хун тайж Гамлет”-аа өрөвдөлтэй атлаа шазруун байдлаар бичжээ. Бас өөртөө дэндүү итгэсэн бөөн харизм Гамлетаас мэдрэгдэнэ. Гэхдээ тэр хязгааргүй эрх мэдэл, эзэн хааны суу алдарт тэмүүлээгүй, гагцхүү өөрийнхөө эргэн тойронд үнэнийг л олж тогтоохыг хүссэн. Хэзээнээс үнэнийг олж тогтоохыг хүсэгчид яг түүн шиг эмгэнэлтэйгээр эцэслэж орхидог. Өмнө нь ч ийм байжээ. Одоо ч ялгаагүй. Энэ үе ч томоотой дуугай, хулчгаруудын эрин. Харин тэрсэж тэмцэлдэх ямар ч утга учиргүй ч юм шиг санагдах сэтгэл зүй С.Болд-Эрдэний Гамлетын дүрийн туйлын мөн чанар.Дээр нь амьдрал цаг тутам биднээс сонголт шаардана. Сонголт хийхийг шаардана. Чи хэн байх вэ? Хэн болохыг хүснэ вэ? Хэн нэгний хүн байхаар шийдсэн үү? Би /Гамлет/ ямар сонголт хийх ёстой байсан бэ? Би орших уу? эс орших уу? зэргээр эцэс төгсгөлгүй асуултууд эргэн тойрон эгнэн зогсоод хариултаа нэхэж байдаг. Энд л миний үзсэн Гамлетын бүх асуултанд хариулах ямар ч шаардлагагүй, хариулт нэхсэн бүхний өмнө очиж зогсох албагүй гэсэн ялимгүй “адарсан”, өөрийнхөө ухааныг нь олсон тоглолтын хамаг нууц оршиж байлаа. Тэгээд ч аливаа юмсын ухааныг нь олсон хүн учрыг нь амархан ч олдог. Жүжиглэх гэдэг ч ялгаагүй том ухааны ажил. Театрын “ноёд” найруулагчдын хэлсэн үг, өгсөн даалгаврыг тайзнаа ягштал биелүүлдэг ур чадвартай ”сайн” жүжигчид бишгүй байдаг. Тэгвэл өөрийн ухааныг олсон “жинхэнэ” жүжигчид найруулагчийн өгснөөс давж хардаг, олж бүтээдэг. Тийм л жүжигчдийн өнөө цагийн тэргүүн магнайд миний л үзсэн Гамлет зогсож байлна. Үнэндээ амьдрал магадгүй юм бүхэнд хариулах гэж амаа ангалзуулагчдад биш юм бүхний ухааныг олох гэж чимээгүй дотогшоогоо төвлөрөгчдөд урлан бүтээхийн шинэ шинэ “үүд” нээж өгсөөр байдаг санагдана. Гэхдээ хулцгаруудад биш...
...Яагаад хоёр шахам жилийн өмнө тоглосон Гамлетын тухай одоо дуугарна вэ? Тиймээ, энэ хугацаанд бид харж, ажиглаж, биширч бахдсан юм. Гол нь миний л үзсэн Гамлет тэнд хүрсэн өндөрлөгөөсөө доош уналгүй, улам өндөрт ухааныг бүтээсээр байна. Эцэст нь түүнд уран бүтээлийн амжилт энэ тэр гэсэн нялуун үгээр яах вэ? Гагцхүү УХААНЫГ нь олсон хүнийг АМЖИЛТ дагадаг хуультай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.114.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.