Коронавирусыг Монголчууд удахгүй даваад гарна, дараа нь Архин далайдаа живээд үлдэх байх даа
Нийтлэл
/
2020-11-21

Коронавирусний цар тахал дотоодод тархснаас үүдэж архи сонтууруулах ундааны зүйлс зарахгүй хэд хоногийг ардаа үдлээ. Архи бидний амьдралд тийм хэрэгтэй юм гэж үү !!!

Сүүлийн жилүүдэд архидалт гэж Монгол түмнийг тэр чигт нь хамарсан цар тахал болоод удаж байна. Ажилтан нь даргатайгаа, багш нь оюутантайгаа, хөршөөрөө нийлээд, эхнэр нь нөхөртэйгөө, гэмт хэрэгтэн хууль сахиулагчтай, шагчин цагдаатай, манаач хулгайчтайгаа нийлэн архидаж,архийг уудаггүй хүнээ нийлэн муулан суудаг болоод байна. Бүхий л баяр наадам архигүй бол баяр биш, ажил ярьхад архигүй бол бүтэхгүй, арай ажил явдал дээр л архи уухгүй юм даа. Багабанди ерөнхийлөгчийн үед “Архидалттай тэмцэх” хууль гаргасан ХЗЯ нь архидалтын эсрэг янз бүрийн аргаар үзэж байгаа дүр харагддаг. Шагчдийг баярлуулан шөнийн 00 цагаас хойш архи зарахгүй гэсэн зарлиг ч гаргаж байсан.Бичил хорооллын ар, Бөхийн өргөөний Жулиа гэх мэт алдартай газруудад архи шөнөөр шаглаж зардаг бизнес цэцэглээд нөгөө шагчид маань Ланд, Жип аваад уначихдаг. Бүгд мэддэг хэрнээ хэзээ ч тэр хүмүүст арга хэмжээ авч дийлж байгаагүй. Тэднээр оролдоод ч барахаа больчихдог манай хууль хяналт яасан хүчгүй юм бэ дээ. Цагдаа нар нь шагчидтайгаа нийлчихсэн хуулиа уландаа гишгээд явдаг юм биш биз гэсэн сэжиг ч төрөх шиг...

Цагдаа нараас илүүтэй яасан сул дорой төр засаг бэ? Аливаа асуудлыг яагаад угаас нь хөөгөөд шийдэж чаддаггүй юм болоо.

Усны эх уулнаасаа ундараад урсаад байхад урсгалын адагт нь нэг хаалт тавьчихаад усандаа цохигдож унаад буй юм шиг л. Арга ядсан арчаагүй аргаар бид архийг дийлэхгүй шүү дээ. Эсвэл хэн ч архитай тэмцэхийг хүсэхгүй байгаа юмуу. Энэ байдлаараа Монголчууд архиндаа живээд эхэллээ.
  • Спиртний 6
  • Архины 26
  • Дарсны 10
  • Шар айрагны 12 үйлдвэр байна гэсэн тооцоо байна.

Нэг хүнд ногдох архины хэмжээ 6 литр  байна шүү дээ.Хэтэрхи их биш гэж үү!!!  Цөөхөн хэдэн Монголчууд архиндаа хордож, архиндаа хорлогдож, нэгнийгээ алаад үр хүүхэд гэр бүлээ зовоогоод гэмт хэрэг хүнд хэцүү хэргүүд  нийгмээс салахаа больлоо. Дан ганц өөрийнхөө амьдралыг биш авч суусан хань ижил үр хүүхдийнхээ амьдралыг хүртэл  утга учиргүй зовлон зүдгүүр болгож дууслаа.

Дотоодод коронавирусний халдвар алдсан энэ үед архи зарахгүй өнөөдрийг \2020.11.21\ хүртэл  хоёр долоо хонох гэж байна. Хөл хорио тогтоосондоо ч тэрүү зарим өдрүүдэд нэг ч хэрэг бүртгэгдээгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн тоо тав дахин багассан байна.  Өмнө нь өдөрт тогтмол 500 гэмтэл бэртэлтэй иргэдийг хүлээж авдаг байсан бол эдгээр өдрүүдэд 100 хүнээс илүү гарахгүй байгаа хэмээн мэдээллэж байна. Гэтэл архи зарахгүй байгаа энэ үед дээд тал нь нэг өдөрт 93 хүн эрүүлжүүлэгдэж байна. Дэлхий дахиныг хамраад буй аймшиг цар тахал үүдэн дээр нь ирчихээд байхад тэд архийг сонгосоор.

Тэгэхээр архи гэдэг хүний амьдралын үнэ цэнэ, утга учрийг үгүй хийчихдэг ямар  аймшигт вирус юм бэ? . Коронавирусыг бид удахгүй даваад гарна. Дархан хотоос эхлээд эхнээсээ ялаад эхэлсэн харин дараа нь бид архин далайдаа живээд л үлдэнэ.

Би ерөөсөө Коронагаас айхгүй байна. Учир нь дэлхий даяараа даван туулаад дасан зохицоод, вакцин нь хүртэл амжилттай туршигдаад эхэлсэн.Архаг хууч өвчингүй л бол тэр тусмаа залуучууд хөнгөн  тусаад эдгэж байгаа.Харин эх орны маань шигтгээ болсон өнөөх залуучууд чинь архинд хэтэрхий гүн орчихоод байна.  

Гэхдээ коронавирусээс аюулт архийг Улсын Их Хурлын гишүүн нь зарах хэрэгтэй гээд зогсож байгаагаас нь  үнэн зүрхнээсээ айж сууна. Ямар хүмүүс биднийг удирдаад сууж байна вэ? Архинаас болж олон хүүхдүүд зовж үхэж үрэгдэж, олон бүсгүйчүүдийн амьдрал там болж, олон олон эрчүүд амьдралаа алдаж байхад архи зар гэдэг удирдагч байна гэдэг яасан эмгэнэлтэй өрөвдөлтэй юм бэ? Ганц олдох амьдралдаа хэн ч бай амьдралын үнэ цэнийг ойлгож ухаарч амьдрах хэрэгтэй. Ээж аав нь архины хамааралтай хүүхдүүд архи зараагүй эдгээр өдрүүдэд ямар амар амгалан гэртээ хичээлээ хийгээд сууж байгаа бол гэхээс сэтгэл жоохон тайвширч суусан юмсан. Баярсайхан гишүүн та юу хэлж сууна аа! Энэ нялх хүүхдүүдийг яагаад бодохгүй архины хамааралтай хүмүүсийг нь өрөвдөөд байгаа юм бэ?

Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг 2020 оны есдүгээр сард хэлэлцэж Эмэгтэй гишүүд санаачлан хэрэгжүүлээд УИХ-ын гишүүн Жаргалмаа хариуцан ажиллаж байгаа. Гэтэл яагаад сар болохгүй үзэл бодол нь зөрөөд эмэгтэй гишүүд архи зар гээд шаардаад байгаа юм бэ? Үзэл бодол нэгдээд зоригтойхон шиг энэ ажлыг хийж хэрэгжүүлээд он удаан жил аажмаар аймшигтайгаар аз жаргалтайгаар Монголчуудыг идэж буй архинаа салгаад өгөөч. Нэг нь лонх ярьж эгдүүцүүлээд нөгөө нь архи зарахгүй байна гэж гомдоллоод байхаар энэ ажил яаж явна даа.

Архигүй байхад энэ нийгэм болдог л юм байна.Архигүйгээс архи зараагүйгээс болоод өлсөж, турж үхсэн хүн байхгүй биздээ.  Харин ч энэ чигтээ Архи зарахгүй байвал яасан юм бэ? Эрхэм түшээд ээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.91.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.