“Covid-19” эсрэг ВАКЦИНЫГ хэн түрүүлж олж ирсэн нь 2021 оны ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд ЯЛНА...
Нийтлэл
/
2020-12-01

Монгол улс “Covid-19” халдварыг дотооддоо алдалгүй 10 сар амжилттай хамгаалсан ч харамсалтай нь 11 сарын эхээр алдчихсан. Угаас өвчин үхэл, хайр гуравт хил хязгаар, нутаг ус гэж байх биш. Манай эрүүл мэндийн байгууллагынхан “ДОТООДДОО АЛДАХ МИНЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ” байсан хэмээн мэдэгдээд буй.

Ямартай ч алдчихсан юм чинь одоо хүний амь гарздалгүй шиг дарж авах нь чухал байна. Энэ өвчнийг анагаахад, дотоодын халдварын голомтыг хумихын тулд эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагынхан бүхий л аргаа барж байна...

Нэгэнт дотооддоо алдчихсан учраас одоо уг цар тахлыг давах ганц арга бол ВАКЦИН гарахыг хүлээх. Дэлхий нийтээр уг өвчнийг анагаах эм бэлдмэл, вакцин хараахан гараагүй байна. Зарим судлаачид эмч нар, улстөрчид Коронавирус бол Монголчуудад ханиад хэлбэрээр тусаж байгаа гэж “хөнгөнөөр дүгнэж” байна.

Уг өвчний эсрэг улс даяар анхаарал хандуулж Засгийн газраас вакцин худалдан авахад зориулж 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа.

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байгаа.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээж коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүссэн бол өчигдөр “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компанитай цахимаар холбогдож Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгааг онцолж  тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв. Түүний дараагаар

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан корона вирусын вакцины ажлын хэсэг улс орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, вакцин үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт, яриа, хэлцлүүдийг идэвхитэй хийж байна. Оксфордын Их сургуультай хамтран ажиллаж буй вакцин үйлдвэрлэгч Астразенека компанитай цахимаар хуралдаж вакцинжуулалттай холбоотой хийгдэж байгаа ажил, вакцин хөгжүүлэлттэй холбоотой ээлжит мэдээлэл солилцож цаашид хийгдэх ажлуудын талаар яриа, хэлцэл хийжээ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хоёр ард түмнээ аврахын тулд “Коронавирусийн эсрэг вакцин”-ы эрэлд гарч байгаа ч цаанаа энэ вакциныг хэн түрүүлж авч чадсан нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн дэмжлэг авах оноог өөртөө цуглуулна гэсэн үг...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.