Суурингаасаа анх удаа хол газар ирсэн жаахан охины нүдэнд багтахааргүй их барилга харагдана
Нийтлэл
/
2020-12-08
Энэ аль өртөөн дээр явж байна, үүний дараагийн өртөөн дээр бууна шүү, өнөөдөр галт тэрэг яасан их хүнтэй байна” гэх үгс миний ой тойнд одоо ч хадгалагдсан хэвээрэй.

Анх найман настай жаахан охин амьдардаг жижигхэн суурингаасаа аймгийн төв орохоор аав, эгч хоёроо дагаж галт тэргэнд сууж үзэж билээ. Тэр үеийн хүмүүсийн адил аав, ээж минь хоёр охиноо аймгийн төв бараадуулж сургуульд явуулж буй нь тэр. Уг нь манай суманд галт тэрэг зогсдоггүй, зэргэлдээ суманд жижиг өртөө бий. Гэвч тухайн үеийн унаа, тэрэг ховор манайх шиг айлд галт тэрэг л хамгийн ойрын унаа байсан биз. Сумаасаа өөр газар мэдэхгүй, суурингаасаа өөр амьдрал үзээгүй надад галт тэргээр зорчсон тэр орой бүхэлдээ соньхон байлаа. Хүмүүсийн хууч яриа, залуусын инээд шуугиан, бяцхан хүүхдийн хаа нэг уйлах чимээ гээд гайхаж харах зүйл бишгүй их.

Эгч: -Миний дүү хаана буух юм. Эгч нь энд суугаад явчихаж болох уу. Энэний дараагийн өртөө нь дээр бууна.

Аав: - Тэгээ тэг. Бид хэд Сүхбаатар өртөөн дээр бууна. Та хаанаас хаа хүрч явна бэ?

Эгч: -Өө эгч нь өглөөний суудлаар хэдэн сүү, тарагаа Дархан оруулж борлуулчихаад оройны суудлаар буцаж явдаг юм. Өнөөдөр харин тасалбар олдсонгүй. Хичээл, сургууль эхлэх гээд хүний хөл, хөдөлгөөн ихтэй байна. (энэ үед л эгчийг их олон бидон савтай явж буйг анзаарч билээ.)

Аав: - Харин тиймээ эгч минь. Хоёр охиноо аймгийн төвийн сургуульд хүргэж өгөх гэж галт тэрэгнээсээ бараг л хоцрох дөхлөө.

Эгч: - Аан хоёр охин хүүхэд ханьтай болчихно доо. Эгч нь үр хүүхэд байхгүй. Насны эцэст одоо ингээд ийш, тийшээ тэнэж, төөрч л цаг нөхцөөж байна даа.

Аав: - Өө танд гэр бүлийн хүн бий юу?

Эгч: - Хань минь бурхан болоод хэдэн жил болж байна. Одоо ч үлдсэн амьдралдаа ганцаараа насыг барна аа. За эгчийнх нь буух өртөө ирчихлээ. Сайн яваад хүрээрэй.

 

Ингэж хэдхэн хором аавтай минь ярилцсан дотно чанга дуутай, нүдэнд дулаахан царайтай эгч Дулаанхан сумын өртөөн дээр бууж хоцорсон сон. (Одоо бодохнээ тэр эгчийн нэрийг нь ч  асууж амжаагүй юм билээ. Гэсэн ч одоо их хотын хаа нэгтээ тэр эгчтэй таарвал гарцаагүй танина даа. )

Бид ч удалгүй хүрэх газраа ирлээ. Саяхан л өртөөн дээр (вогзал) дүүрэн хүн хаа хүрэх, хамт явах эсэхээ ярилцаж байсан бол хэдхэн хормын дараа өртөө нам гүм болж, намрын салхи дураараа исгэрнэ. Үүр хаяарч аймгийн төвийн барилга эхнээсээ тодорч эхэллээ. Суурингаасаа анх удаа хол газар ирсэн жаахан охины нүдэнд багтахааргүй их барилга харагдана.

Тэр өдрөөс хойш амьдралын минь сайхан, муухай, баяр зовлонтой бүр мартахыг хүссэн гээд их олон дурсамж галт тэрэгтэй холбоотой байдаг. Одоо ч галт тэрэг харах бүртээ явж дуустал нь хүлээж зогсоод, уртаар санаа алдаж, юу ч юм бодон алхдагсан...

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.