У.Хүрэлсүхийн мөрөөдөл ЕРӨНХИЙЛӨГЧ болох...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-15

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуульд зориулсан хуулийг энэ цг үед УИХ-р хэлэлцэж байна. Мэдээж олонх нь эрх баригч нам өөрийн нэр дэвших хүндээ зориулсан “хачир” хийх нь ойлгомжтой.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол хүний нэр доторхой. Хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүх ганцаараа гол дүрийг бүтээнэ. Харин АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. МАХН-аас босоо хэмээх С.Ганбаатар, ХҮН-аас одоогийн намын дарга Т.Доржханд, нөгөөх нь Д.Энхбат нар... За хэн ч байсан У.Хүрэлсүхтэй өрсөлдөх нь гарцаагүй. Ерөнхийлөгч болно гэдэг бол одоо У.Хүрэлсүхийн МӨРӨӨДӨЛ болчихсон байгаа. Түүний зандрангуй харьцаа, шахаж шаардаж байгаа байдал, дээрэлхүү, ойворгон зан, хална солино, хохино гэх маягийн үг нь эгээтэй л АЛНА гэх нь холгүй...

Тэр түүхэн нэрээ үлдээсэн Ерөнхий сайд байхыг хүсдэг. Тийм ч маягаар нэр нь бичигдэж байгаа. Шударга ёсыг тогтоогч, Утааг бууруулагч, Газрын тосны, нефьтийн үйлдвэр байгуулагч гэх мэтээр үргэлжлэх бол сүүлд Коронагийн эсрэг амжилттай тэмцсэн гэдэг утгаар нь түүнийг АРД ТҮМЭН ДЭМЖИХ магадлал өндөр.

Одоо нэг асуудал бий. Олон жилийн дунджаас харахаар МАН Төрийн тэргүүний сонгуульд тийм ч одтой оролцож чаддаггүй. Сүүлийн гурван сонгууль дараалан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид ялагджээ. Тухайлбал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 2013 онд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 2017 онд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгад тус тус тахим буулгасан.

Тийм учраас МАН дотооддоо ярилцаад хамгийн их нэр хүндтэй, хүчтэй байгаа нэр дэвшигчээ сойх нь тодорхой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч болох болзлоо ч бараг хангачихлаа. Тэрбээр “Иргэдийн хог, тог, усны мөнгийг тэглэсэн” нь том дэмжлэг болов.

Одоо ч гарцаагүй болчихлоо. МАН-ын бүлэг дотор дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг сунгаа явагдах нь. Хүүктэй ойр байгаа нөхдүүдээс С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэрс яригдаад эхэлжээ. Харин М.Энхболдын талаас Л.Энх-Амгаланг зүтгүүлэх аж. Дараагийн Ерөнхий сайдын нэрс тодормогц У.Хүрэлсүх өөрийн сонгуулийн штабаа байгуулж улмаар ажилдаа орох нь..

Ганцхан айдас байгаа. Тэр бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй бол УЛСТӨРӨӨС арчигдагна гэсэн үг Хүүк үүнийгээ бас тооцсон байх...  Нэгэн үе Монголын Засаг төр, МАН-ыг удирдаж явсан нэрт улстөрч С.Баяр нэгэн ярилцлагадаа "Монгол төрийн хамгийн ноён оргил бол Ерөнхий сайд" байх хэмээн онцолсон нь бий. Одоогийн байдлаар У.Хүрэлсүх улстөрчийн хувьд байх ёстой ноён оргилдоо хүрчихсэн байгаа... Түүний дараагийн хүрэл өртөө нь ТӨРИЙН ТЭРГҮҮН болох. Энэ бол хэн бүхэнд олдоод байдаггүй ховор хувь тавилан. Гэхдээ МАН-ынханд энэ суудал тийм ч амар олддоггүй гэдгийг мэдэх биз. Ялж чадвал тэр хүслээ бүрэн гүйцэлдүүлнэ. Чадахгүй бол улстөрчийн карьертаа ЦЭГ тавина гэсэн үг... 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.