Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан намыг анх байгуулсан. Харин энэ нам 2016, 2020 оны улстөрийн бүх шатны сонгуулиудад дараалан ялагдал хүлээж “шок”-ын байдалтай байна. Энэ намын ялалтын буухиаг Н.Алтанхуягаар төгссөн. Тэрбээр АН-ын дарга байхдаа тус намыг 2012 оны сонгуульд удирдан орж ялалт байгуулсан ч З.Энхболдын гараар орж үндсэндээ сэхэл авсангүй. Уг намын ордонд байх хувь заяаг Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хариуцаж байсан бол гудманд гарах заяаг нь З.Энхболд, С.Эрдэнэ нар үргэлжлүүлсэн.
180 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний сөрөг хүчний гол нам одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд орчихсон байгаа. Тэрбээр тус намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж улмаар ялалт байгуулж Монгол төрийн тэргүүн болсон. Харин одоо 21 оны сонгуульд дахин өрсөлдөхийн тулд намаа бүрэн “өөрийн болгочихсон” байгаа.
2020 оны УИХ-ын сонгуульд АН олонхийн суудал авах боломж байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохироо, З.Энхболдын “найруулсан хор”-ны улмаас ялагдал хүлээв. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын тохироо нь 2021 оны сонгуульд Ерөнхийлөгчийн дахин сонгогдохын тулд МАН-д бүрэн эрх өгч, Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан сонгох явдал байв. Ёсоор ч болсон.
2021 оны сонгуульд Х.Баттулга дахин ялалт байгуулахын тулд АН-ыг өөрийн хүссэнээр удирдаж улмаар нам доторх гол өрсөлдөгч, лидерүүдийг дарж авах арга байв. Энэ технологи ч амжилттай хэрэгжиж С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын лидерүүдийг тоглоомоос зайлуулж амжив. Ингэснээр хүчгүй удирдагч нар үндэслэн ургаж, хүчтйэ удирдагч нараа нухчин дарахаар элдэв нам эсвлүүдтэй нэгдэн нийлж, хайран сайхан нэр хүнд... шавар шалбааг дунд хутгаад унагав.
Орон нутгийн сонгуульд өнөөх ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ гэгддэг АН чинь гудамжны жижиг намуудай гар барьж, “өвөр нэгтгэв”. Алдарт Н.Энхбаяр гуай хүртэл нийлж байхыг бодоход АН тэгтлээ доор орж, үнэхээр ханьгүйдсэний илэрэл мөн байж ээ... АН хэрэггүй гэж нулимж, баалж байсан Ж.Батзандан хүртэл алгаа ташаад, шүлсээ үсэргэн ороод ирэх нь бас л сонин дүр зураг байв. Тэгсэн ч ялсангүй ээ... 2016 оны сонгуульд байгуулсан ялалтаа ч ахиулж чадаагүй. Эсрэгээрээ цөөн суудал авсан.
2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ ч ор сураггүй алга болчихов. Түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга сонгуулиас өмнө ажлаа өгсөн. Орыг нь Д.Пүрэвдаваа авав. Ц.Туваан бол Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХАА-ын сайд байхад нь дэд сайдаар хамт нэг баг болон ажиллаж байсан. Харин Д.Пүрэвдаваагийн хувьд бол Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэснээр АН-ыг аядуу зөөлөн хүмүүс толгойлж, аажимдаа явсаар байгаад Х.Баттулгын халаасанд бүрэн хийчихлээ.
Одоо олон нийт АН-ыг Х.Баттулгаар, Х.Баттулгын гаргасан шийдвэрийг АН-ыг шийдвэр гэж ойлгоход хүрээд байна. ШИНЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Болд одоо Ерөнхийлөчгийн зөвлөх хийж байгаа. АН саяхан С.Эрдэнийн байрнаас нүүж Л.Болдын эзэмшлийн байранд орсон. С.Эрдэнээс хойшхи намын даргаа сонгох, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах зэрэг бодлогын өөрчлөлтүүдийн АН энэ өдрүүдэд цахимаар амжуулж байна. АН-ын шинэчлэл ямар байх вэ гэдгийг олон хүн сонирхон харж байгаа.
2017 онд АН үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж, улмаар бүх гишүүдийн саналаар намын даргаа сонгодог болсон. Энэ дагуу Ардчилсан намын бүх гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж улмаар анх удаагаа С.Эрдэнийг намын гишүүдийн саналаар сонгож, шат шатны намын дарга нарын сонгууль болдог шинэ жишиг тогтов. Гэвч одоо энэ тогтолцоо нь болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч дүрмэндээ өөрчлөлт оруулж байна.
АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтөд орох хамгийн чухал алхам бол ҮБХ-ны гишүүдийн хуралдаанаар намын даргаа сонгодог болох хуучин хэлбэр. Мэдээж ийм өөрчлөлт орох учраас бүх нийтийн санал хураалтаар сонгогдоно гэдгийг хүлээж байсан намын даргад нэр дэвшигчид өөрчлөгдөнө гэсэн.
Энэ мэтээр сөрөг хүчнийхэн дараагийн даргаа тодруулахаар бэлтгэлдээ орлоо. Энэ бүхэнд нэг л шийдвэр гаргаж чадвал ЖИНХЭНЭ ШИНЭЧЛЭЛ болно. Тэр бол АН-ыг ЖЕНКО-гийн халааснаас гаргаж чадах эсэх асуудал юм. Эхлээд хэн нэгнээс хэт хараат байгаа энэ алдаагаа засах ёстой. Энэ бол үндэсний хэмжээний гэж өөрийгөө тодорхройлдог намын хувьд ичгэвтэр байдал. Үндсэндээ АН-ын хүмүүс, дэмжигчид гэхээр автоматаар ЖЕНКО-гийн дагалдан баясагчид, шүтэгчид гэж ойлгоод байгаа энэ ойлголтыг залруулах хэрэгтэй.
Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “намын гишүүнчлэлээс ангид байна” гэсэн үг бий. Гэвч одоогийн сөрөг хүчнийг харахаар дандаа Ерөнхийлөгчийн амыг харсан, хоригийг дэмжсэн, эсвэл ерөнхийлөгчид хандана гэж уйлан хэлсэн хүмүүс байдаг болж энэ нь л АН-ыг ч тэр, Ерөнхийлөгчийг ч тэр муухай харагдуулаад байгаа юм.
АН-ын жинхэнэ шинэчлэл хийж Ерөнхийлөгчийн халааснаас гарч, ялгарч, МАН-тай өрсөлдөх хэмжээний бодлого гаргаж чадах уу...? харах л үлдлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин