30 тэрбумын үнэтэй МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД хаачив...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-22

Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учраас улирлын шинж чанартай мал, мах бэлтгэл хийгддэг онцлогтой. Махны салбарт 2019 онд нядалгааны жингээр 545.0 мян.тн мах үйлдвэрлэсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад махны үйлдвэрлэл, нядалгааны жингээр 29.8 мян.тн-оор нэмэгдэхэд, хонины мах 15.7 мян.тн, адууны мах 13.6 мян.тн, ямааны мах 6.0 мян.тн мах, тэмээний мах 2.8 мян. Тн-оор тус тус нэмэгджээ. Харин үхрийн махны үйлдвэрлэл 11.9 мян. Тн-оор буурсан байна. 

2019 онд нийт бэлтгэсэн махны 6.0 хувьтай тэнцэх махыг дотоодыг үйлдвэрүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулалт хийн, бүтээгдэхүүн болгон гаргасан байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй мал төхөөрөх 69* /Тайлбар. *- нэмэгдэх магадлалтай/ үйлдвэр, мах боловсруулах 135 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Мал, мах бэлтгэлийн улирлын хамаарлаас шалтгаалан 90-150 хоногт нийт 5.1 сая толгой бог, 1.3 мянган толгой бод мал төхөөрөх хүчин чадал суурилагдсан байна.

Нийслэл Улаанбаатар хотод 900 мянга гаруй өрхтэй. 1,5 орчим хүн амтай. Өрхийн хүнсний бүтээгдэхүүний нийт хэрэглэсэн хэрэглээг өрхийн ам бүлийн тоонд харьцуулсан нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд 6,9 кг мах хэрэглэдэг байна. Сүүлийн үед хотын иргэд эрүүл, чанартай махыг хоол хүнсэндээ хэрэглэж буй эсэх нь эргэлзээтэй. Иймд Улаанбаатар хотын захирагч асан С.Батболдын үед “Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд мал нядалгаа, мах боловсруулалтын үйлдвэр байгуулна. Мөн хот доторх мал болон махны захуудыг нүүлгэж хотоос гаргана” гэсэн үйл ажиллагааны хөтөлбөр батлуулж байсан. Энэ хүрээндээ “МБҮ-ТРЕЙД” ХХК-нийг үүсгэн байгуулсан байна.

Өдөрт 7500 бог, 1500 бодын мах боловсруулах хүчин чадалтай хоёр үйлдвэр байгуулж, 700-1000 хүний байнгын ажлын байр бий болгоно гэж тооцоолж байжээ. Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар”-ын орлогч дарга н.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Нийслэлээд бол бодлогоор дэмжиж энэ төслийг хэрэгжүүлэх газрыг л гаргаж өгсөн. Ямар ч гэсэн энэ төсөл цаашдаа үргэлжлэх ёстой. Үргэлжлээд явж байгаа. Ковидтой холбоотойгоор үйл ажиллагаа нь удааширсан гэж ойлгож байгаа” гэв.

Уг төслийг хэрэгжүүлэгч “МБҮ-трейд” ХХК-ний захирал Бямбасүрэнтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай махаар хангах зорилготой үйлдвэр байгуулах төслийг танай компани хэрэгжүүлж эхэлсэн. Үйлдвэрийн явц  хэдэн хувьтай байна вэ?

-Үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. Тоног төхөөрөмж хил гааль дээр ирсэн байгаа ч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан угсралтын ажил саатсан. Гадны мэргэжилтнүүдийг авчирч угсруулахаар болсон ч тэд мөн боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Өдөрт 7500 бог, 1500 бодын мах боловсруулах хүчин чадалтай байхаар тооцож байсан. Хэвээрээ юу ?

Бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа.

Анх 2018 оны 10 сард ашиглалтад орчихно гэж Нийслэлийн удирдлагууд ярьж байсан шүү дээ?

Тийм боломж байгаагүй. Бид 2019 онд барьж гүйцээх гэсэн ч хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас хугацаа алдсан.

Та сая санхүүгийн хүндрэл үүслээ гэв. Нийслэлээл 30 орчим тэрбум төгрөг  гаргаж өгсөн юм биш үү?

Нийслэлээс нэг ч төгрөг аваагүй. Санхүүгийн эсрдлээ 100 хувь манай компани өөрөө дааж байгаа. Үндсэндээ төр хувийн хэвшлийн гэрээгээр хийгдэж байгаа. Санхүү мөнгө нь ч нэмэгдэж байна.

Төсөв нь нэмэгдээд хэд болж байгаа юм бэ. Танайх хаанаас санхүүгийн эх үүсвэрээ авч байгаа юм бэ?

Бүх санхүүжилтийг манай компани өөрөө дааж байгаа. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ойролцоогоор 80 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Ямартай ч ажил явж байгаа. Хорио цээр тавигдчихвал энэ 2021 оны зун гэхэд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нээнэ гэсэн бодолтой байгаа гэв.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр хүнсний хангамжийн тогтвортой болон тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг үр дүнд хүрэх зорилго тавьсан байдаг. Улаанбаатар хотын жишсэн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна.

Манай улсын хүн амын  махны зохистой хэрэгцээг 2019 оны байдлаар тооцож үзвэл, улсын хэмжээнд жилд нийтдээ 179.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээтэй байна. “Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй гэдгийг тухайн үеийн хотын удирдлагууд онцолж байлаа.

мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллахаар тооцсон байсан ч өнөөдрийг хүртэл байгуулагдсангүй.

Нийслэлийн иргэдийг эрүүл махаар хангах зорилго бүхий “МБҮ трейд” ХХК нь анх 2017 оны 01 сарын 20-нд “ашгийн төлөө” үйл ажиллагаа явуулахаар Н.Тэгшбуян, Ч.Хүрэл-Олдох, Л.Одхүү, С.Бямбасүрэн болон “Хүрэлзэс-Андууд” зэрэг хуулйин этгээдийн оролцоотойгоор анх байгуулагдсан бөгөөд мах махан бүтээгдэхүүний үйлдвэр худалдаа, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Аялал жуулчлал, газар тариалан, Гадаад худалдаа, Мал аж ахуй гэсэн найман чиглэлийн бизнес эрхлэхээр байгуулагдаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.