ҮГ ДААДАГГҮЙ улстөрч, "УС ДААДАГГҮЙ" гурилтай АДИЛ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-06

Улстөрч хүнд УЙЛАНХАА ХҮҮХЭД шиг зан зохихгүй дээ!!!... Шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Манай төрийн түшээд өөрсдөө мөнгө харахаараа нүд нь “бүлтэрч”, шүлс нь гоождог хэрнээ шүүмжлэл хүлээж авах чадвар “нойл...” Юм л бол гомдоно. Гоншигноно. Үг дааж чадахгүй байж, Монгол улсын хөгжлийг тодорхойлно гэж юу байхав дээ...

Боддоо... Нэг үг газар гээхгүй гомддог, шүүх цагдаад өгдөг улстөрчидтэй хэн харьцах вэ... Танил талаа, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ, албан тушаалаа ашиглаж жирийн иргэдийг, сэтгүүлчдийг айлгах гэж оролддог. Тэгсэн хэрнээ шударга зүйл бусдаас шаарддаг. Шударга ёс ярьдаг. Ачир дээрээ, ам ажил хоёр нь зөрдөг л хүмүүс.

Жинхэнэ улстөрч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариулт нь тодорхой. Ц.Элбэгдорж шиг, Ц.Нямдорж шиг, Э.Бат-Үүл шиг, М.Энхболд шиг “зодуур даадаг” хүмүүсийг хэлдэг юм. Тэднийг мянга шүүмжилж байхад нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч, гомдолж байгаагүй нь тэднийг өдийд ийм алдартай, хуучирдаггүй, мартагддаг улстөрчид болгох мөнхөд хадгалж чадсан юм.

Нэрт улстөрч М.Энхсайхан нэгэн уулзалтад илтгэл хэлэлцүүлсэнийхээ дараа сэтгүүлчдэд хандан “Та, чи хэн ч байлаа гэсэн УЛСТӨРД орсон бол өөрийнхөө нэрийг хараар будагдсан л гэж ойлго. Улстөрч хүн цагаан нэртэй байдаггүй юм. Шүүмжлэл гэдэг бол Улстөрчийг хурцалж, өнгө нэмж, бодлого зөв тодорхойлоход хөтөлдөг хамгийн чухал алхам. Та нар ард түмний илчийн хувьд гэж ТАНГАРАГ өргөдөг. Тэгвэл тэр ард түмэнд сонгосныхоо төлөө та нарыг шүүмжлэх эрхтэй хүмүүс. Үг дааж чадахгүй бол УИХ-аас зйалах хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

Мөн энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Улстөрч сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гялалзсан ирээдүйтэй ороод баларсан намтартай оддог орчныг улстөр гэж У.Черрчиль хэлснийг хөгшин залуу, АН, МАН гэлтгүй бүх улстөрчид санаж явахад илүүдэхгүй шүү” хэмээн иш татсан удаатай юм.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ханаталаа шоол, ханатлаа муул. Би ийм хэмжээний үг, шүүмжлэлийг даах гэж улстөрч болсон юм. Хэрэв чадахгүй бол миний улстөрөөс явах цаг болсон гэж ойлгоё. Та бүхний намайг чөлөөтэй, дуаараа шүүмжлэх энэ эрхийг авч ирсэндээ, ийм нийгэм бүтээлцсэндээ баяртай байна. Хэн дуртай нь даргыгаа шүүмжилж чаддаггүй, нэг хүнийг бурхан мэт тахин шүтдэг тэр цаг үе харин үнэхээр хүнд байсан шүү” хэмээн олон нийтэд хандан мэдэгдэл хийж билээ...

Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн П.Анужинг онцолж болно. Нэг хэсэг түүнийг сошилоор баахан доромжилж, муучлав. Гэсэн ч тэр юу ч тоосонгүй зүгээр л УИХ-ын чуулганд оролцоод, хуулиа батлалцаад явж байна. Яг ийм замаар яваа улстөрчид ирээдүйд үнэлэгддэг юм. Тэдний улстөрийн нэр хүнд улам тодордог нь жам. Та нар боддоо... 1990 оны Ардчилсан нийгэм бүрдсэнээс хойш бид найман парламентийн нүүр үзэж байна. Эндээс нөгөө л муу хэлүүлдэг, шүүмжлүүлдэг Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, М.Энхсайхан, М.Энхболд, Х.Баттулга гээд гарын таван хуруунд багтахуйц цөөн хэдэн улстөрчийг л сайн мэдэж байна. Тэдний хийсэн сайн, муу бүх зүйл нүдэнд ил.

Мэдээж хүнд нэр хүнд гэдэг эрхэм л дээ... Хэн ч үүнтэй маргахгүй. Гэхдээ улстөрд байгаа хүн ийм бодлыг толгойноосоо аваад хаячих хэрэгтэй. Зүгэээр зөв үйл бүтээж, сайн хууль санаачлаад л явчих. Жишээ нь Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүнд ямар ч нэр хоч байдаггүй байлаа. Гэтэл Сүнээ гэх эмэгтэйтэй нэр холбогдоод л хайран сайхан цэвэрхэн алдар бохирдсон. С.Ганбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ босож зогсож байгаад үг хэлсэн нь түүнийг “БОСОО ГАНБАА” гэж шинэ нэртэй болгосон. Популист ч гэж байх шиг... Тэр тоохгүй, зүгээр л Оюутолгойн асуудалд гол анхаарлаа хандуулж байхад хүссэн хүсээгүй дэмжигчид нь бүчээд, тосоод авч байна.

Хари. Ч.Ундрам, Х.Нямбаатар, Ц.Гарамжав нар яаж байна. Өөрийнх нь тухай нэг үг л хэвлэлд бичигдвэл ШҮҮХЭД ХАНДДАГ нь өөрсдөө өөрсдийгөө буруу аргаар нийгэмд таниулж байгаа үйлдэл гэж харж байна.

Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Т.Галсан амбугай нэгэнтээ “Чамайг муулж байгаа хүнийг битгий тоо. Тэр чамаас ч илүүг бүтээхийн төлөө хөдөлмөрлөж байна” хэмээн хамгийн энгийнээр тайлбарласан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.