УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж сар орчмын өмнө “Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрээр ярилцлагадаа “Нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Үндсэн хуулийн гучдугаар зүйлд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэж бүрэн эрхийн хугацааг нь заагаад 31.7 дахь хэсэг болгон Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр ялгаатай зүйлчлэлийн хоёр харилцааг нэг дор болгон 30.2-т өөрчлөлт оруулан “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгабал 2020 оны тавдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус” гэсэн байлаа.
Дээрх байр суурийнхаа дагуу УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэцэд өгсөн мэдээлэлдээ “Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчиж байна гэж үзэж нийтийн ашиг сонирхлын үүднээс Р.Гончигдорж миний бие энэхүү мэдээллийг Цэцэд гаргаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон.
Үүнийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийн 1 дэх заалтанд ""ээлжит сонгууль" гэж Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг" гэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тодорхойлоод, уг хуулийн 8.1 ба 2 дахь хэсгүүдэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлох, санал авах өдрийг тогтоох хугацаануудыг журамласан. Иймд Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 2023 оны зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоолын 1, 2 дугаарт заалтууд нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь өмнө нь байсан 30.2 дахь хэсэг дэх "Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно", 31.7 дахь хэсэг "Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно" гэсэн хоёр өөр зүйл хэсгээр зохицуулсан харилцааг нэг зүйл хэсэгт нэгтгэж, зохицуулсан бөгөөд 30.2 дахь хэсэгт байсан "дөрвөн" гэснийг "зургаан" гэж бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, өмнөх 31.7 дахь хэсгийг "Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа" сонгогдож болохоор өөрчилсөн байна. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг тогтоон хүчингүй болгосноор 2021 оны төсөвт сонгуулийн зардалд төсөвлөсөн 26 тэрбум төгрөгийг Цар тахлын улмаас учирсан бэрхшээлийг давахад зарцуулах боломжтой болох бөгөөд монголчууд, дэлхий нийтээрээ цар тахлыг давж гарсан 2023 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах завшаан тохионо гэдэгт итгэж байна” гэжээ.
Цэцэд иргэдээс ирсэн мэдээллийг Цэцийн дарга гишүүддээ хуваарилж, маргаан үүсгэх, эсвэл буцаах эсэхийг судлуулдаг. Хэрэв Цэцийн гишүүн маргаан үүсгэх шаардлагатай гэж үзвэл гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хурлаар хэлэлцдэг юм. Бага суудлын хурал иргэний мэдээллийг дэмжвэл таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дунд суудлын хурлаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай шийдвэр гаргадаг. Үндсэн хуулийн цэц иргэн Р.Гончигдоржийн мэдээлэлд ямар хариулт өгөх нь анхаарал татаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин