Хувийн сургуулийн ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХАСАХАД биш.Төрийн сургуулийн БАГШ НАРЫН НӨӨЦӨД анхаар. САЙД АА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-14

Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй “ШИНЭ-ҮЕИЙН” гэх Засгийн газарт Боловсролын салбарт тухлаад буй сайд бол олноо “MCS”-ийн гэх тодотголтой Хөвсгөлийн Л.Энх-Амгалан гишүүн юм. Сайд болохоосоо өмнө тэрбээр УИХ-д Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэр цагаас л боловсролын чанар, хүртээмж, агуулга, санхүүжилтэд хүчтэй байр суурь илэрхийлж, улмаар Боловсролын салбар дахь САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛ хийнэ гэж зоригтой тэмцсэн. Гэхдээ нэг зүйлийг хатуу санах ёстой. Монголын төр ОЮУНТАЙ ТОЛГОЙД бус Оюутолгойд илүү их хөрөнгө оруулж байгаа гэдгээ бодоорой. Өөрөөр хэлбэл Боловсролд бус УУЛ УУРХАЙД мөнгө их зарцуулдаг гэсэн үг.

Хувийн сургууль бол Монгол төрөөс боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэхэд тус болж байгаа хамгийн чухал түшиц газар. Хүмүүс өндөр төлбөртэйд нь л дургүй байдаг болохоос хямд төлбөртэй бол захын гэр хорооллын иргэн Бат ч гэсэн хүүхдээ сургах гэж хувийн сургуульд хандах эрхтэй. Үүнд нэг л зүйл байгаа. Монголчуудын олонх нь дунджаас доогуур амьдралтай, ядуу зүдүү байгаад л гол шалтгаан нь байгаа юм. Дундаж болон дунджаас дээгүүр орлоготой нэг нь хувийн сургууль байгуулаад түүндээ бусдын хүүхдүүдийг сургаж болдог гэсэн ойлголтыг нэвтрүүлсэн нь ад болж байна. Үгүй тийм биш юм. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт энэ цаг үед хувийн сургуулийг харин ч дэмжих ёстой. Төрөөс хувийн сургуулийн төлбөр, хувьсах зардалд оролцож байхаар улсын сургуулийнхаа багш, ур чадвар, хүний нөөцөд анхаараач ээ... Төсвийн цалингаар амьдрал ахуйгаа өөд татаад аваад явах бэрх учраас л ур чадвартай, мэдлэг боловсролтой, хичээл зүтгэлтэй, хэл устай багш нар өндөр цалинтай хувийн сургуульд уригдан очдог юм. Төрийн сургууль яг үнэндээ боловсон хүчний нөөц муутай, оюутан, дөнгөж их сургууль төгссөн шинэхэн багш нараар хичээл заалгаж байгаа нь өнөөгийн үнэн төрх шүү дээ...

Одоо түүнд болом нь иржээ. Боловсролын сайдын хувьд маш зөв, зоригтой  санаачилга гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуульд боловсролыг үнэ төлбөргүй олгох нь төрийн үүрэг хэмээн заасан  ч зарим нэг шуналтай, боловсролыг бизнес, хүүхдүүдийг мөнгө олох хэрэгсэл хэмээн харсан хүмүүсийн алдаатай бодлогоос үүдэлтэйгээр төрийн сургуультай өрсөлдөхүйц хэмжээний бус түүнээс ч илүү өртөг зардалтай хувийн сургуулийг бий болгочихсон. Ингэснээр боловсроллын тэгш бус байдал газар авч, баячуудын хүүхдүүд гадны сургалттай хувийн сургуульд өндөр сургуульд сурдаг болж, борчуудын хүүхдүүд улсынхаа сургуульд чихэлдэн сууж, гурван ээлжээр хичээллэж байна. Ийм тэгш бус, ялгаварлан гадуурхал бүхий Л.Энх-Амгалан сайд ийнхүү тэмцэж, төрөөс олгож буй мөнгийг хүүхдэд, яг багшид нь хүргэдэг болно гэсэн зорилтоо хэрэгжүүлж эхлээд байна. Хамгийн сүүлийн жишээ татъя.

Улаанбаатар хотод хувийн хэвшлийн 5 ба түүнээс дээш сая төгрөгийн төлбөртэй 126 сургууль байна.  Хувийн хэвшлийн үйл ажиллагаатай  5 сая хүртэлх төлбөртэй 106 сургууль байдаг. 5-10 сая төгрөийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Харин хэт өндөр үнэтэй буюу 10 ба түүнээс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгөхгүй гэдгээ шуудхан илэрхийлчихлээ.

“Хувийн сургуулиуд адилхан танхимаар хичээллэхгүй байгаа. Зардал хэмнэж байгаа. Дээр нь төрөөс цахилгаан дулааныг нь хөнгөлж байна. Ажилчдынх нь НДШ-ийг төр хөнгөлж байна. Дээр нь 1 хүүхдээс 10 сая төгрөг авч байна. Гэтэл Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. “Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна. Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй шүү !!! хэмээжээ.

2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 114 сургууль, 442 хувийн цэцэрлэг ажилласан. Тэд 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвөөс 36 тэрбум, 765 сая төгрөгийг хувьсах зардалд авчээ. 2014-2015 онд Засгийн газар хувийн сургуулийн хувьсах зардлыг танах ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч 2016 оны тавдугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг шинэчлээд, бүгдийг нэмээд тавьчихжээ. Ийнхүү сургалтын төлбөрөөрөө оршин тогтох боломжтой хувийн сургуулиуд улсын төсвийн санхүүжилтэд “хачиг” шиг наалдан дахин санхүүжиж эхэлсэн хэрэг.

 Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газар Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа үед төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй үзэн 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгосон.

Ер нь хувьсах зардал гэж ямар хэмжээний мөнгө юм бэ? Орон нутаг, нийслэлээс хамаарч нэг хүүхдэд оногдох тариф өөр өөр байдаг. Нэг хичээлийн жилд нийслэлд бага ангийн 1 сурагчид 288.900 төг, дунд ангид 409.300 төг, ахлах ангид 429.800 төг байдаг бол орон нутагт бага ангид 316.400 төг, дунд ангид 450.800 төг, ахлах ангид 459.300 төг байдаг. Хүүхдийн тоогоор үржүүлж сургуульд олгодог тул хувьсах зардал бол яалтчгүй хувь хүүхдийн боловсролыг төрөөс дэмжиж байгаа мөнгө юм. Улсын хэмжээний нийт 165 хувийн сургуульд өнгөрсөн жил 17.5 тэрбум төгрөг санхүүжүүлсэн ба энэ жил төсвийн тодотголоор багасгаж, 12.2 тэрбум болгон буруулжээ. Эндээс харвал, нэг сургуульд хэдэн тэрбумаар олгодоггүй нь ойлгомжтой гэж “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Боловсрол судлалын доктор, Ж.Галбадрах нэгэн нийтлэлдээ онцолсон байдаг.

Өнөөдөр 10 саяас дээш төлбөртэй 10 хувийн сургууль бий. Гарын хуруунд багтах тул хүмүүс сайн мэдэж байгаа. Гадаадад очиж суралцах байсан хүүхдүүдэд эх орондоо сурах боломж олгож, гадагш урсах валютыг зогсоож, сургуулийн барилга байгууламж барихаас эхлээд олон улсын хөтөлбөрийн эрх авах, гадаад багш нар авчрах зэргээр маш их хөрөнгө зардал гарган сургууль байгуулсан хүмүүсийг юунд чичлэнэ вэ? Мөн 5 саяас 10 саяын төлбөртэй ердөө 18 сургууль байгаа. Боловсролд хөрөнгө оруулсан энэ хүмүүс уул уурхайд хөрөнгө оруулж болох байсан, орон сууцны хороолол бариад түргэн ашиг олж болох байсан. Харин тэд тэгээгүй ээ. 5 саяас доош төлбөртэй нь нийт сургуулийн 80 гаруй хувийг эзэлж байгаа. Мэдээлэлд ойр, мэдсээр байж олон түмний дотор санаатайгаар хувийн сургуулийн нэр хүндийг гутаах гүтгэлэг хийж байгааг юу гэж ойлгох вэ?

Боловсролын тухай хуулийн холбогдох заалтын дагуу төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлж байна. Засгийн газраас 2016 онд “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай” 242 дугаар тогтоолыг батлан төрийн болон төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэг, ЕБС, МСҮТ-ийн нормативт зардлыг олгож байна. Тухайн тогтоолоор нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжих аргачлал, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг тусад нь баталж өгснөөрөө онцлогтой болж хувьсах зардлын санхүүжилтийг улам нарийвчлан хуваарилах боломжийг олгосноороо онцлогтой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.