Л.Энх-Амгалан сайд аа найман сургуулийн ХУВЬСАХ ЗАРДАЛЫГ хаслаа гээд БОЛОВСРОЛЫН САЛБАРТ дориун нэмэр болох уу?
Нийтлэл
/
2021-02-17
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төсвөөс өгдөг хувьсах зардлыг ирэх сараас олгохгүй гэсэн шийдвэр гаргахаар бэлдэж буй нь нийгэмд нилээдгүй маргаан үүсгэсэн.

Хүний халдаж болохгүй эрхэд сурах эрх багтдаг. Хүнийг эзэмшсэн боловсролоор нь дүгнэдэг энэ цаг үед эцэг эх мэдээж аль сайн сургуульд хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийг бодно.

Хувьсах зардал гэдэг нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид суралцагч хүүхэд бүрт төсвөөс олгогддог зардал. Хувийн сургуулиудад төсвөөс хувьсах зардал олгохгүй байх ёстой гэсэн маргаан дэгдээд хэдэн жил болж байгаа ч албан боловсрол эзэмшиж байгаа хүүхэд бүрт төрөөс хувьсах зардал олгох хуулийн зохицуулалттай.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын хэлснээр  өнөөдөр Улаанбаатар хотод таван сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Эдгээрээс 10 саяас дээш төлбөртэй хувийн сургуулиудад олгох хувьсах зардлыг өгөхгүй байхаар шинэ сайд төлөвлөж байгаа ажээ.

Хувийн сургуульд хүүхдээ сургах сонголтыг хийж байгаа эцэг эх мөнгө нь илүүдсэндээ тийм сонголт хийгээгүй. Хүүхдийнхээ ирээдүйг бодож л сонголт хийж байгаа. Хувийн сургуулийг сонгож байгаа хамгийн гол шалтгаан бол суралцах орчин нь сургалтын чанарт шууд нөлөөлж байгаа явдал. Нэг ангид цөөн тооны буюу 15-20 хүүхэд хүүхэд суралцаж байгаа учраас багш суралцагч бүрт хүрч ажиллах боломжтой. Нэг ангид суралцагч хүүхдийн тоо цөөн байгаа нь хүүхэд сургууль дээр байх хугацаандаа агаар сэлгэлт сайтай, саруул, цөөн ширээтэй ангид хичээллэнэ гэсэн үг. Нэг ангид 60 хүүхэд амьсгалах, 20 хүүхэд амьсгалах ямар их ялгаатай нь ойлгомжтой.

Нийгмийн суурь болсон хүнийг “бүтээдэг” боловсролын салбар шинэ цагийн шаардлагыг хангаж чадахаа байж, дампуурчихаад байгаа нь үнэн. Бүх шатны боловсролын байгууллагын чанар муу байгааг хүн болгон шүүмжилж байна. Нийгмийн ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын мэдлэг, чадварын асуудал онцгой анхаарал татаж байгаа. Цар тахлын үе таарч төсвөө боломжоороо танах нь салбар бүрт л тохиолдож байгаа асуудал. Найман сургуулийн хувьсах зардлыг хаслаа гээд боловсролын салбарын төсөвт дориун нэмэр болно гэдэг эргэлзээтэй.

Харин багш бэлтгэх тогтолцоог эргэн харж, чанартай сайн багш нарыг бэлтгэх нь хамгийн тулгамдсан асуудал. Ур чадвартай багш нарыг хувийн сургуулиуд аль хэдийнэ урвуулаад аваад явчихсан. МУБИС-ийн элсэлтийн босго оноог харахад л ирээдүйн багш болж байгаа хүмүүс сурагчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй ангал харагдаад удаж байна.

Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгын хүрээнд заахаас илүү ихэд тэмүүлэх хүсэл зоригийг нь бадраах оюуны багтаамжтай багш нар одоо үеийн хүүхдүүдэд хэрэгтэй.

Хувийн сургуулиуд боловсролын салбарт тэгш бус байдлыг бий болгож, хүүхдүүдэд муу нөлөө үзүүлж байгааг дөвийлгөн ярих хүмүүс бас байна. Үр хүүхдээ боловсролтой болгох хүсэлтэй эцэг эхийг ийм сонголт хийхэд хүргэсэн нийгмийн тэгш бус байдал эхлээд алга болох ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд задарсан МАН-ын гишүүн байж БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан гэсэн зар бол энэхүү тэгш бус байдлын тод жишээ юм. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ бол ташаа мэдээлэл гэж залруулсан ч улс төрийн харьяаллаар ардын хүүхдүүдийг ангилж, давуу боломж олгож байгааг баталсан. Гаднын улсын Засгийн газрын тэтгэлгийг салбарын яам нь биш, Засгийн газар нь ч биш улс төрийн нам мэдэж байгаа нь жинхэнэ тэгш бус байдал. Хувьсах зардлаас илүүтэй энэ тэгш бус байдлыг цэгцлээсэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.