“П.ЖАСРАЙ НЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛАЖ, ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛСАН НЬ
”Нэг. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, эрдэмтэн багш П.Жасрай гуайтай хамтран ажилласан тухай дурсамж.Намайг 1977 онд ЗХУ-д сургууль төгсөөд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр томилогдон ажилд орж байхад П.Жасрай гуай Улсын төлөвлөгөөний комисст орлогч дарга бөгөөд Үнийн хорооны даргаар ажиллаж байлаа. Тэр үеэс хойш П.Жасрай гуайн удирдлага дор олон жил ажиллаж, эдийн засгийн болон амьдралын ухаанаас нь асар их зүйлийг сурч, дадлагажин өдий дайтай төр, улсдаа зүтгэж байна. Арав гаруй жил УИХ-ын гишүүний хувьд мөр зэрэгцэн ойр хамтран ажиллах ховорхон завшаан тохиосондоо баярлаж явдаг билээ.
1992 оны 8 дугаар сард Москва хотноо Нийгмийн ухааны академид аспирантурт суралцаж, зах зээлийн харилцааны нөхцөл дэх стратегийн төлөвлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний ажил хийж байтал Ерөнхий сайд П.Жасрай гуай намайг дуудуулж Засгийн газарт ажиллахыг үүрэг болгосон билээ. Хариуцлагатай үед, хүндхэн албанд тохоон томилогдчихлоо. Одоо л залуучууд та нарын дэмжлэг туслалцаа, хичээл зүтгэл хэрэгтэй байна. Чадах чадахгүй тухай яриа байхгүй, маргаашнаас ажилдаа ор гэж билээ. Ингэж л П.Жасрай гуай биднийг төр, засгийн хариуцлагатай ажилд хөтлөн оруулсан бөгөөд өөрийн биеэр үлгэрлэн зааж сургаж бэлтгэж өгсөн ачтан юм.
П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар ажлаа эхлүүлэх үед манай орны эдийн засаг, нийгмийн байдал туйлын амаргүй байлаа. Шилжилттэй хамт эхэлсэн эдийн засгийн уналт хамгийн дээд цэгтээ хүрч, улс орон санхүү, эдийн засгийн гүнзгий хямралд автаад байв.ЗХУ болон бусад орнуудтай тогтоосон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зогсч, өргөн хэрэглээний бараа таваар, бензин шатахуун, импортын түүхий эд, сэлбэг хэрэгслийн хангамж тасалдаж байлаа. Эдийн засаг элгээрээ хэвтлээ, “Дайны дараах үеийг санагдуулж байна” гэж эрдэмтэн судлаачид харамсан дүгнэж байлаа.
...Өнөөдөр зах зээлийн эдийн засагт шилжих явцад хамгийн эгзэгтэй цаг мөч тулгараад байна. Эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналт зогсолтгүй үргэлжилж, олон түмний тэсвэр алдагдах тэр эгзэгтэй хязгаарт тулж ирээд байна. Төсвийн алдагдал ДНБ-ний 15 хувьд хүрсэн нь санхүүгийн гүн хямралд орсны илрэл, нотолгоо мөн” гэж онцлон тэмдэглэж байжээ.Улсын төсвийн байдал нэн хүндэрсэн байлаа. Төрийн өмчийн олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, төсвийн орлого бүрдүүлэлт тасалдаж байв. Төсвийн зарлага санхүүжилт саатаж, цалин хөлс, тэтгэврийг алдаг оног тавьж байв.Түлш, эрчим хүчний салбар ноцтой хүндэрч, цахилгаан станцууд нүүрс, түлш, шатахуунаар тасалдаж хэзээ ч зогсож магадгүй түгшүүртэй байдалтай байлаа.Барааны хомсдол даамжирч, дэлгүүрийн лангуун дээрээс бор давс, хар гурилын гоймонгоос өөр хүнсний барааг чөлөөтэй худалдан авах боломжгүй байв.
Хүнсний барааны багахан нөөцөө айл өрх, ард иргэдэд картаар хуваарилан чадан ядан хүртээж байлаа. Хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ өндөр хурдацтай өсч, 1992 онд инфляцийн түвшин 325,5 хувьд хүрч байлаа.Үндэсний статистикийн газрын 1992 оны 9 дүгээр сарын мэдээлэлд:Эдийн засгийн байдал маш хүнд, үйлдвэрлэл, үйлчилгээний олонхи үзүүлэлт урд онуудынхаас буурсан хэвээр байна.Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 17,5 хувь, барилга угсралт 13,5 хувь, ачаа тээвэр 55,5 хувь буурсан байна.Мөнгөний ханш унаж, бараа, үйлчилгээний үнэ, тариф тасралтгүй өсч, хүн амын амьжиргааны түвшин улам доошилж байна гэж дурьдсан байжээ.Ийм л амаргүй хүнд нөхцөлд П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд шилжилтийн эхэн үеийн уналт, задралын “шок”-ийг даван туулах, шинэ Үндсэн хуулийн агуулга, зорилтод нийцүүлэн улс орны эдийн засаг, санхүүг өөд нь татах, цаашдын өсөлтийн үндэс суурийг тавих, өсөлтийг бий болгох хэтэрхий гэмээр том ачааг үүрсэн юм.
Чухам энэ үед л П.Жасрай гуайн боловсрол мэдлэг, ажлын арвин их туршлага, гайхалтай ажилсаг, бүтээлч чанар, Монгол орноо бүхэлд нь харж шинэлэг арга барилаар мэдрэмжтэй ажиллах чадвар тод ялгарч байсан юм. Барагтай хүн зүрх алдмаар хүнд үед П.Жасрай гуай барьц алдаж тулгамдахгүй улам өргөн цар хүрээтэй сэтгэж, шинэлэг арга барилаар хандаж байлаа.П.Жасрай гуай судлаач, багш хүн болохоороо үргэлж суралцаж, өөрийгөө цэнэглэж, хөгжил дэвшлийн зүй тогтлыг танин мэдсэн хүн байлаа. Тэрбээр цаг үеэ мэдрэх торгон мэдрэмжтэй шинийг эрэлхийлж олж нэвтрүүлэх чадвар нэн сайтай улс төрийн зүтгэлтэн байлаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай ярьсан байна.“...
П.Жасрай гуай зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчид тулгуурласан эдийн засгийн харилцааны цогц, таваарын үйлдвэрлэлийн жам ёсны хэлбэр юм.Манай орон дэлхий дахинд давуутай гэдгээ нэгэнт нотлон харуулсан эдийн засгийн энэ тогтолцоонд тууштай шилжин орох учиртай. Иймд Засгийн газар хувийн үйлдвэрлэл болон чөлөөтэй, шударга хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж тэдний бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж, хувийн хэвшлийг улс орны эдийн засгийн хөгжилд голлох нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүргэж хөгжүүлэх чиглэл баримтална.Экспортын нөөцийг нэмэгдүүлэх, импортыг хэмнэх, улс орны амьдрах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн үйлдвэрлэл хөгжүүлэхийг дэмжиж урамшуулах явдлыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх бодолтой байна” гэж хэлж байлаа.
П.Жасрай гуайн Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тодорхойлохоос ажлаа эхэлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж батлуулсан юм. Би Үндэсний хөгжлийн газрын даргын хувьд, Жасрай гуайтай хамтран тооцоо судалгаа хийж, бодлого тодорхойлолцож байхдаа улс орныхоо эдийн засгийн онцлог, боломж бололцоог сайн мэдэж онол, практикийг уялдуулан хослуулж, шийдвэр гаргадаг улс төрийн эр зоригийг нь таньж мэдэрсэн билээ.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө үйлдвэрлэлийн уналтыг бүрэн эрхийн хугацааны эхний 2 жилд багтаан зогсоож, тогтворжуулах, сүүлийн 2 жилд нь цаашдын өсөлтийн суурийг бий болгох зорилтыг дэвшүүлэн тавьсан юм.Гадаад, дотоод орчин нөхцөл бидний бодож төлөвлөж байснаас эрс өөрчлөгдөхгүй л бол энэ зорилт хэрэгжих бүрэн боломжтой гэж Жасрай гуай итгэлтэйгээр баталж байлаа.
Хувийн хэвшлийг дэмжиж хөгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн үйлдвэрүүдэд техник, технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулсан гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал гэж үзэж байлаа.Юуны өмнө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Говь” компани зэрэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай гадаад худалдааг сэргээн идэвхжүүлэх, бензин шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох, орон нутгаас мал мах бэлтгэж, хот суурин газрыг мах, гурил зэрэг гол нэрийн барааны хангамжийг сайжруулахад онцгой анхаарсан юм.Нүүрсний уурхай, цахилгаан станцууд, томоохон хэрэглэгчдийн хооронд үүссэн өрийн сүлжээг тайлах, цахилгаан станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах, мал аж ахуй, хот суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг улс орны амьдралын амин чухал зорилтыг цаг алдахгүй шийдвэрлэхэд хүч анхаарлаа төвлөрүүлсэн.Эдийн засгаа нээлттэй, гадаад худалдааг чөлөөтэй болгох нь нэн тэргүүнд шийдэх асуудал мөн бөгөөд манай улсын иргэд гадаад паспорт өвөртлөн чөлөөтэй зорчин хөрш орнуудтай худалдаа бизнес эрхлэхийг бүх талаар дэмжих нь чухал гэж үзэж байлаа. Өнөөдрийн томоохон компаниудыг үүсгэн байгуулагчид чухам тэр үед ганзагын наймаа эрхлэн бизнесийн анхны хуримтлалаа бий болгож бэхэжсэн төдийгүй зах зээлийн барааны хангамжийг сайжруулан тогтворжуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.Өмч хувьчлалыг зөв гольдролоор нь эрчимжүүлж, хувийн хэвшлийг бүх талаар дэмжсэн бодлого түргэн хугацаанд үр дүнгээ өгч эхэлсэн нь тухайн үед бизнес эрхлэгчдийг ихээхэн идэвхжүүлсэн.
П.Жасрай гуайн Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтран ажиллаж, макро эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлсэн төдийгүй, тэдний дэмжлэг туслалцааг авч чадаж байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болсон юм. Татварын шинэ хуулиудыг батлуулан хэрэгжүүлж, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, хоёр шатлал бүхий банкны тогтолцоог төлөвшүүлж, валютын ханшийг чөлөөтэй хөвөх тогтолцоонд шилжүүлсний зэрэгцээ мөнгө, санхүүгийн цэгцтэй хатуу бодлого хэрэгжүүлж байлаа.ОУВС-тай хамтран эдийн засгийг тогтворжуулах Стенд-бай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван гарах чухал үндсэн суурь тавигдсан юм. Үүний зэрэгцээ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд, Япон, АНУ, БНСУ зэрэг Монголд хандивлагч орнууд манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж хөнгөлөлттэй зээл, тусламж олгож байсан нь санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд П.Жасрай гуайн ажил, асуудлын мөн чанар, агуулгад нэвтэрч нухацтай боловсруулдаг, бодож тунгааж цэгцтэй танилцуулдаг, хэнтэй ч яриа хэлэлцээр хийж ойлголцож чаддаг, итгэл үнэмшил төрүүлж өөртөө татдаг зан чанар, хэлэлцэж тохирсон зүйлээ ягштал биелүүлэхийн төлөө зүтгэл ихээхэн нөлөөлсөн билээ.П.Жасрай гуай: “Хандивлагч орнууд, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаагүйгээр улс орноо эдийн засгийн хямралаас гаргах боломжгүй бөгөөд гагцхүү зээл, тусламжийг оновчтой, үр дүнтэй ашиглах асуудалд Засгийн газар анхаарлаа төвлөрүүлэх ёстой” гэж онцлон анхааруулж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.Засгийн газар 1993 оны 5 дугаар сарын 28-нд санхүү, мөнгө зээл, валютын ханш, үнэ, гадаад худалдааг либералчлах чиглэлээр чухал тогтоол гаргасан юм. Энэ нь улс орны эдийн засгийг жинхэнээрээ зах зээлийн харилцаанд шилжүүлэх цогц бодлого байлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд П.Жасрай гуай “Бид нэн чухал, эгзэгтэй арга хэмжээгээ авлаа. Энэ бол нэг л даваа. Өөдөө өгсөж байгаа хэрэг. Үүнийг давсан цагт “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж хэлсэн байдаг. Бодлогын мөн чанарыг ойлгох чадваргүй ухвар мөчид зарим улс төрчид үгээр хөөцөлдөж, хоосон шүүмжилж, доог тохуу болгож байсан нь үнээн. П.Жасрай гуай эдийн засгийг зах зээлийн зарчимд бүрэн л шилжүүлэхийн тулд хэд хэдэн шийдвэрлэх алхам хийх ёстой.
Ингэсэн цагт эдийн засгийн хямрал саарч, тогтворжих болно гэж итгэлтэйгээр нотолж, тууштайгаар урагш зүтгэн ажиллаж байсан билээ.Үнэхээр 1993 онд эдийн засгийн уналт эрс саарч, 1994 оноос ДНБ өмнөх онтой харьцуулахад 4,2 хувиар өссөн . Энэ үзүүлэлт 1995 онд 6,3 хувь болж баталгаажсан юм. Ганцхан жилийн дотор хүнсний бүтээгдэхүүнийг картаар хуваарилах журмыг халж, хэвийн хангамжийн горимд шилжүүлж чадсан билээ.Бараа үйлчилгээний үнэ, тариф үндсэндээ чөлөөт тогтолцоонд шилжсэн. Инфляцийн түвшин тууштай буурч байв.Гурав. Зах зээлийн нөхцөлд тохирсон төсөв, татварын тогтолцоог бий болгосон.Гадаад худалдааны тэнцэл сайжирч, 1995 онд гадаад худалдааны эргэлт өмнөх оныхоос 43,8 хувиар нэмэгдсэн юм. Зөвхөн нэмэгдээд зогсохгүй экспорт импортоосоо давж байв. Өмч хувьчлалыг эрчимжүүлж 1992-1996 онд хувьчлахаар төлөвлөсөн үндсэн хөрөнгийн 90 гаруй хувийг хувьчилснаар хувийн хэвшил ДНБ-ний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг болсон юм. Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилд хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас 700 сая ам.долларын зээл, тусламж авч ашигласан бөгөөд үүний ихэнхийг үйлдвэрлэлийн салбарт төсөл хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад зориулсан юм. Энэ бүхний үр дүнд П.Жасрай гуайн удирдсан Засгийн газар эдийн засаг, нийгмийн өсөлтийн үндсэн суурийг баттай тавьж өгсөн билээ.
“Манай Жасрай гуай үнэхээр сайн, тооцоотой эдийн засагч байсан. Аливааг амьдралд хэрэгжих үндэстэй эсэхийг тоогоор мэдэрдэг байлаа. Тэгээд боломжтой гэж үзсэн цагтаа бодлогоо хэрэгжүүлдэг. Зөв тооцоон дээр суурилсан бодлого нь Монгол хөрсөн дээр зах зээлийн эдийн засгийг бий болгосон юм” гэж Сангийн сайд асан Э.Бямбажав гуай маш онож дүгнэсэн байдаг. П.Жасрай гуайн удирдсан Засгийн газар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсэн төдийгүй, зах зээлийн зарчмаар цаашид эрчимтэй хөгжих эхлэлийг тавьж өгсөн гавьяатай үйлс бүтээсэн юм. Чухамдаа энэ үеэс хойш улсын эдийн засгийн хөгжил өгсөж уруудаж, түргэсч саарч, мандал буурлын замаар замнаж өнөөг хүрсэн сургамжийг нухацтай задлан шинжилж П.Жасрай гуайн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай жишиж дүгнэвэл цаашдын тогтвортой, өндөр өсөлттэй хөгжилд хүрэх жор, арга механизм улам тодорхой болох нь эргэлзээгүй билээ.”
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин