Тиймээс дийлэнхийн санал нь хувь хүний болон цөөнхийн эрхийг баталгаажуулсан буюу ардчилалд суурилсан байх ёстой. Тийм ч учраас Засгийн газрын наад захын үүрэг нь ардчилалд суурилсан шийдвэрийг хэрэгжүүлэх явдал.
Яг энд, голдуу ижил тэнцүү мэт хэрэглэдэг ардчилал болон эрх чөлөөний ялгааг харж болно. Ардчилал бол инстүүчлэл, эцсийн дүндээ эрх чөлөөг хамгаалах үйлдэл, зарчмын нэгдэл юм. Ардчилал бол наад зах нь олонхын дүрэм, нийт иргэдийн хүлээн зөвшөөрөлд суурилсан Засгийн газар, чөлөөт ба шударга сонгууль, цөөнхийн эрхийг хамгаалах, хүний үндсэн эрхийг хүндэтгэх зэрэг шинжийг агуулсан байх ёстой.
Тэгвэл Монгол Улс аль зэрэг ардчилсан улс вэ? Улс үндэстний эрх чөлөөг хэмжиж эрэмбэлдэг Freedom House гэж байгууллагын тайлантай бид харьцангуй сайн танил. Тэгвэл энд ардчиллыг нь хэмжиж, эрэмбэлдэг EIU байгууллагын 2020 оны тайланг онцолж байна.
Ардчиллын нүүр царай
The Economist cэтгүүлийн дагнан судлах нэгжээс (EIU-Economist Intelligence Unit) дэлхийн улс орнуудын ардчиллын индексийн (үзүүлэлтийн) тайланг 14 жил дараалан гаргаж байна. Тус индекс нь орон бүрийн ардчиллын төлөв байдлыг 0–10 оноогоор үнэлж: 8-10 бол бүрэн ардчилсан (full democracy), 6-7.9 бол гажсан ардчилалтай (flawed democracy), 4-5.9 бол хос дэглэмтэй (hybrid regime), 4 хүрэхгүй бол дарангуйллын дэглэмтэй (authoritarian regime) гэж дөрөв ангилдаг.
2020 оны байдлаар дэлхийн 167 улсаас дэлхийн хүн амын 8.4 хувь нь амьдарч буй 23 орон бүрэн ардчилсан, 41 хувь нь буй 52 орон гажсан ардчилалтай, 15 хувь нь буй 35 орон хос дэглэмтэй, 35.6 хувь нь буй 57 орон дарангуйллын дэглэмтэй ажээ. Дэлхийн хүн амын гуравны нэгээс их хүн дарангуйлагчтай оронд, тэдний ихэнх нь манай урд, хойд хөршид оршин сууж байна. 2020 онд АНУ оноо нь буурсан, Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань бүрэн ардчилсан ангилал руу дээшээ, Франц, Португаль хоёр гажсан ардчилал руу доошоо шилжжээ. Хонгконг, Эл Сальвадор хос дэглэмтэй ангилал руу гулсчээ.
Харин Монгол Улс энэ тайланд 6.48 оноогоор 167 орноос 61, бүс нутагтаа 10-т жагсаж, гажиг (flawed) ардчиллын ангилалдаа гацсан хэвээр байна. Гажиг ардчилал гэх энэ ангилалд чөлөөт ба шударга сонгуультай, иргэний суурь эрх чөлөө баталгаажсан хэдий ч хэвлэл мэдээллийн эрх чөлөө зөрчигддөг, улс төрийн оролцоо сул, улс төрийн соёл төлөвшөөгүй орнууд багтдаг.
Зураг 1. Дэлхийн ардчиллын индекс: 2020 он
Эх сурвалж: The Economist Intelligence Unit
Монгол Улс 2014-2016 онд ардчиллын индексээр хамгийн өндөр буюу 6.62 оноо авч байжээ. Тэгэхдээ сонгуулийн явц ба олон ургалч байдал (electoral process and pluralism) болон иргэний эрх чөлөөт байдал (civil liberties) зэрэг шалгуураар хамгийн өндөр оноог авч байв. Тэгвэл 2020 онд сонгуулийн явц ба олон ургалч байдлаар 0.42, иргэний эрх чөлөөт байдлаар 1.48 оноогоор тус тус буурчээ. Харин улс төрийн оролцоо, улс төрийн соёл зэрэг шалгуурыг 0.56 болон 0.63 оноогоор ахиулжээ.
Харин сүүлийн 15 жилд Монгол Улсын ардчиллын байдал 6.60 онооноос буурч 6.48 болсон, энэ ангилалд гацчихаад байгаа нь анхаарал татаж байна.
ДҮГНЭЛТ: Сонгуулийн явц ба олон ургалч үзэл бодол, төр засгийн үйл ажиллагаа (functioning), улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөөт байдал гэх таван ангилал нь нийлж цогц үзүүлэлт болдог. Гэхдээ аль ч ангилал нь чөлөөт ба шударга сонгууль болон улс төрийн эрх чөлөөний холбогдох шаардлагыг нь хангахгүйгээр утга агуулгагүй ажээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн баривчилгаа олон хүн дээр явуулсан нь цаг хугацааны талаасаа сонгуульд нөлөөлөх арга хэмжээ болсон. Манай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш олон, нийгмийн сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа ч дийлэнх нь улс төрийн эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаал хашиж буй, хашиж байсан этгээдүүдийн эрх мэдэлд байгаа нөхцөлд чөлөөт хэвлэлийн тухай, олон ургалч үзэл бодлыг тэвчих тухай ярих нь учир дутагдалтай хэвээр байна. Монголчуудад ялгаатай үзэл бодлыг тэвчих, ойлгох соёл үнэхээр суухгүй байна.
Шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийн эрх мэдэл асар их хөрөнгө мөнгөтэй этгээдүүд, банкны болон том компаниудын эздийн гарт төвлөрсөн учир авлига газар авч, олон том гэмт хэргүүд шийдэгдэхгүй явсаар байгаа. Ийм нөхцөл байдалд иргэдийн улс төрийн оролцоо огцом дээшлэхгүй л юм бол Монгол Улсын ардчиллын индекс одоо буйгаасаа дээшлэх боломжгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин