Агаарын бохирдлыг 2021-2025 онд бууруулах төлөвлөгөөг танилцууллаа
Нийтлэл
/
2021-02-25
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулав.


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах шийдвэрүүдийг 2010 оноос хойш шат дараатай гаргаж буй. Тухайлбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 онд баталж, Агаарын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан байдаг. Улмаар 2017 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 2018 онд Монгол Улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг халах 62 дугаар тогтоолыг баталсан юм. Мөн 2018 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан байдаг. 62 дугаар тогтоол болон мастер төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Тэгвэл Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концевц, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулахаар тусгасан.



Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас дурдвал, гэр хорооллын айл өрхүүдэд шаардагдах сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, үйлдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Улмаар 2020 оны нэгдүгээр сард нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэр гаргаж, аравдугаар сард үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1500 ажлын байр шинээр бий болж буй онцлогтой. Мөн өмнө нь хоногт 500-700 тонн түлш үйлдвэрлэж байсан бол өдгөө 4500-4700 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүнчлэн боруулах цэгийн тоог 76-гаар нэмэгдүүлж, 686-д хүргэжээ. Ингэснээр өндөрлөг цэгт амьдардаг 26 мянга гаруй өрх түлшээ гэртээ ойрхон цэгээс түлшээ авдаг болжээ.



Тэгвэл 2021-2025 гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаас гадна автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисыг бууруулах, гэр хорооллын байшин сууцны  дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг зүүн бүсэд шилжүүлэхээр судалж байгааг хэлсэн юм. 


Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналуудаа хэлсэн. Тухайлбал, төлөөлөгч Б.Мягмар автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисын бууруулахад онцгойлон анхаарч ажиллахыг онцолсон. Төлөөлөгч Б.Нэргүй уурхайд ажилладаг байсан, өдгөө ажилгүй болсон иргэдийг түлшний үйлдвэрт ажиллуулах шаардлагатай байгааг хэлсэн бол төлөөлөгч Ү.Оюунзул нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэв.

Харин төлөөлөгч П.Наранбаяр түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлвэл үр дүнд хүрнэ гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зөвхөн агаарын бохирдол гэлтгүй төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлууд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байх ёстой. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал саналуудыг төлөөлөгчид хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд саналыг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах хэрэгтэй” гэсэн юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.