АН-ын ДАРГА болох МӨРӨӨДӨЛТЭЙ 15 эрхмийн ХЭН нь хэн бэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-07

Монголын улстөрийн томоохон сөрөг хүчний нэг Ардчилсан нам 2016, 2020 оны улстөрийн сонгуулиудад хүчтэй ялагдал хүлээж одоог хүртэл “ТАМИР СУУХГҮЙ” явсаар эцэстээ тарж бутрахын ирмэгт тулаад байна. 2017 онд Ардчилсан нам Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулж фракцгүй, талцал хуваагдалгүй болж буйгаа зарлаж бүх гишүүдээсээ намын даргаа сонгох, намын бодлогын хуралдааны гишүүдийг ч шат дараатай сонгох зэрэг шинэ зүйлүүдийг тусгаж байв. Ингээд намын 220 мянган гишүүнээ цахим бүртгэлд оруулж, бүх гишүүдээсэээ намын даргаа сонгож С.Эрдэнийг сонгож байв. Тэр үед Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нарын дунд намын даргын сунгаа болж ТАШУУР, ТАВАН СУМ өгч байсан үйл явдал одоо түүх болон үлджээ.

2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан учраас дүрмийн дагуу С.Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Ц.Туваанд тамгаа гардуулж өгсөн. Харин Ц.Туваан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж намын дүрмийн хүрээнд өөрт олгогдоогүй намын их хурлыг зарлан хуралдуулсан нь буруу байв. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр батлагдав. Ингээд С.Эрдэнэ нь намын даргын ажилдаа буцан орж, Ц.Тувааныгаа намын гишүүнээс хасав. Үүний хариуд Ц.Туваан нь ч бууж өгөлгүй... 2020 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эрх мэдэл, дүрэм, хурал хуй, тамга тэмдэгний хэрүүл хийсэн тус намынхан арай гэж нэг цэгт эвлэрсэн нь НАМЫН ДАРГЫН СУНГАА байв.

Тэгвэл хэн нь АН-ын дарга болж намынхаа эв нэгдлийг хангаж, ЭРХ МЭДЭЛТНИЙ өмнөө шалихгүй улстөр хийх вэ гэдгийг сонирхъё. АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН бэ...

  1. Ш. Жандос

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Шаривын Жандосыг томилжээ. 1984 онд Өлгий хотод төржээ. 2008-2012 онд "Алтайн хөгжил сан"-гийн гүйцэтгэх захирал, 2012-2013 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013-2015 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын дарга, 2015-2017 онуудад Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.

  1. О. Амартүвшин

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын тэргүүн. UFC группийн ТУЗ-ын дарга. Бизнесийн салбарт 30 шахам жил амжилттай ажтллаж яваа нэгэн. Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга. АН-ын ҮБХ-ны гишүүн.

  1. Ц. Оюунгэрэл

УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Соёлын өвийг хамгаалагч, Хүний эрхийн зүтгэлтэн гэдгээр олон нийтэд танигдсан. Монгол Улсаас хууль бусаар АНУ-ын хилийг даваад байсан Т-Батаарыг олж буцааж эх орондоо авч ирсэн. Ардчилсан намын зүтгэлтнүүдийн нэг.

  1. С. Эрдэнэболд

Ардчиллын нэрт зүтгэлтэн Ширчингийн Сүхбаатарын хүү гэдгээрээ анх танигдсан. Харвардын сургуулийг төгссөн. Боловсрол өндөртэй. Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг.

  1. О. Алтангэрэл

Хуульч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өвдөг шороодсон. Тэрбээр 2020 оны 12 сард болсон АН-ын Их хурлын үеэр Ерөхийлөгч Х.Баттулгад зориулсан дүрмийн заалт оруулсан ч түнийг нь Дээд шүүх хүлээж аваагүй.

  1. О. Цогтгэрэл

"Тесо групп" компанийг үүсгэн байгуулагч. Хүнс, барилгын салбарын бизнест танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Увс аймаг дахь АН-д нөлөө бүхий нэгэн.

  1. Б. Отгонбат

Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн. Ардчиллаа аваръя хөдөлгөөний тэргүүн.

  1. Д. Пүрэвдаваа

НИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.

  1. Ж. Батсуурь

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ардчилсан намын зүтгэлтэн, ҮБХ-ны гишүүн. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын шилдэг аймгаар гурван удаа шалгарахад бодлогын хувьд сайн ажилласан гэж үнэлэгддэг. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн.

  1. М. Тулгат

Мэдлэг боловсрол сайтай, АН-ын ирээдүй болсон залуучуудын нэгд зүй ёсоор бичигдэж яваа нэгэн. НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байна. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байсан ч З.Энхболдод тойргоо булаалгаасан. АН-д шинэчлэл хэрэгтэй гэдэг үзэл бодлоо илэрхийлж байгаа.

  1. П. Галиндэв

С.Эрдэнийг АН-ын дарга болсон цагаас хойш эрс эсэргүүйцэж АН-ын С.Эрдэнээс аваръя гэж хөдөлгөөнийг эхлүүлж, орон даяар өрнүүлсэн. Мөн 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж С.Эрдэнийн саналыг унагасан. Тэгвэл одоо АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийллээ.

  1. М. Чимэддорж

Ардчилсан намын идэвхтэй гишүүдийн нэг. АН-ын дарга С.Эрдэнийг эсэргүүцэж мэдээлэл хийж байсан.

  1. П. Мөнхтулга

Ардчилсан намын залуучуудын төлөөлөл. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж Архангай аймагт өрсөлдөөд ялагдсан нэгэн.

  1. Н. Алтанхуяг

Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа хоёр ч удаагийн томоохон сонгуульд ялалт байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж тэрбээр одоогийн АН-ын дарга С.Эрдэнэтэй муудалцсаны улмаас Ардчилсан намаас хөөгдөж байв. Тэгвэл Ц.Туваан түүний АН-ын гишүүнчлэлийн эрхийг сэргээснээр АН-ын даргын сунгаанд оролцох эрх нь нээгдлээ.

  1. Т. Энхсайхан

Тэрбишийн Энхсайхан. Өөрийгөө хуульч хэмээн нэрлээд буй. 2019 онд Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад түүний үйл ажиллагаа, бодлогыг эрс эсэргүүцэж байсан нэгэн. АН-ын гаралтай. Сүүлд худалдаачдын холбооны тэргүүн хэмээн тодроод буй нэгэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.