Т.Чимгээ: Намайг буруутгах нотлох баримт байдаггүй
Нийтлэл
/
2021-03-09

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагч Т.Чимгээг “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эргэж, уулзалт хийлээ. Энэ өдөр түүнд анх удаа өөрийн биеэр олон нийтэд мэдээлэл хийх боломж гарч байна. Энэ нь түүний хувьд сүүлчийн удаа үг хэлж байгаа боломж уу. Эсвэл эгэл жирийн гэмгүй иргэнээ “УЛС ТӨРИЙН МАШ НУУЦ” аллагын буруутан болгож хилсдүүлсэн төр цагаатгах гэж байгаа юу.

Т.Чимгээ: Намайг буруутгах нотлох баримт байдаггүй

  2015 оны 08-р сарын 31- нд Төв аймгийн цагдан хорих ангид хоригдсон. Тэр хооронд маш хүнд, хэцүү байдалд гурван сар байсан. Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орохгүй, хоол ундны асуудал маш хүнд, дотроо шээж баадаг, агааржуулагч байхгүй есөн сар хорьсон. 407-р анги руу 2017 оны 05-р сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй. Маш хүнд хэцүү дарамт шахалтанд явсаар байгаад 407-р хорих ангид нэг жил долоон сар хоригдсон. 2019-оны 03-р сарын 20-нд 401-р ангид ирж сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл өөрчлөгдөөд байгууллагын албан хаагч нар нь наана, цаана гээд  тус болж байна. Гэхдээ миний амьдралыг таван жил найман сар  орвонгоор нь эргүүлж эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож тамлаж, ийм байдалтай хар дарсан зүүд шиг байж л байна. Намайг хэлмэгдэж ирснээс жилийн дараа миний том охин осолд орсон нэрээр өнгөрсөн. Би үүнийг энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Дахиад ч би үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй. Орвонгоороо эргэсэн. Хүүхдийг минь авлаа. Намайг ирснээс хойш миний үлдсэн үр хүүхэд, 70, 80 гарчихсан хөгшин маань өнчин зээг минь хөтлөөд таван жил долоон сар орон гэргүй, хэсэж амьдарч байна гэлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Таныг ямар нотлох баримтаар хүн амины хэрэгт буруутгаж баривчилсан бэ?

-Тэр нотлох баримт байдаггүй. Ганцхан Амгалан-Баатарын ярьж, хэлсэн үгээр нотлох баримт болгосон байдаг. Өөр нотлох баримт байдаггүй.

-Хэн таныг хэний захиалгаар хэлмэгдүүлж байна гэж үздэг вэ?

-Тэрийг бол ёстой мэдэхгүй.

-1998 оны 10-р сарын 20-нд та яг хаана байсан бэ?

-1998 оны 09-р сараас 11-н сар хүртэл би Дорноговь аймагт ээж дээрээ байсан.

-Танийг Дорноговь аймагт байсныг гэрчлэх гэрч, нотлох баримт байдаг уу?

-Байдаг.

-Таныг зөвтгөх баримтууд байдаг уу?

-Байдаг. Гэхдээ тэр бол нэг их нөлөөлдөггүй.

Түүний хувьд ийм хариу л хэлж байна. 2016 онд Төв аймгийн цагдан хорих байранд Т.Чимгээ, Б.Содномдорж нарыг эрүүдэн шүүсэн баримт, бичлэг тараагдсан байдаг. Үүний дараа тус хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улмаар Тагнуулийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Авлигатай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнуудыг  эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт  үйлдэж шүүхэд шилжүүлжээ.Төв аймгийн анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийг гэм буруутайд тооцсон байна. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгожээ. Тус хэрэг зургаан удаа шүүхээр орсон боловч шийдэгдээгүй байна. Чухам яагаад түүнийг олон нийтэд ил задгай мэдээлэл хийлгэх болов гэдэг анхаарал татаж эхэллээ.  Т.Чимгээд сүүлчийн удаа үг хэлэх  боломж олгов уу. Яагаад шоронд байгаа иргэнээс ярилцлага авч мэдээлэл хийлгэж хуулиа зөрчив. Эсвэл гэмгүй иргэнээ аллагын буруутан болгож хилсдүүлсэн төр цагаатгах гэж байгаа юу. Яагаад гэдэг асуулт олон байна ЕРӨНХИЙ САЙД АА.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.