С.Эрдэнэболд: Гурван хүч
Нийтлэл
/
2021-03-17

ГУРВАН ХҮЧ

Хэзээ ч дутуу үнэлж болохгүй гурван хүч байдгийг алхам тутамдаа мэдэрсээр явна.

НЭГ. ОЛНЫ ХҮЧ.  Хамтарч, эвлэж нэгдэж, баг болж, сэтгэл гарган нэгэн зорилго, итгэл үнэмшлийн төлөөх үйл хэрэг гайхамшигт хүчийг агуулж байдаг. Сайны төлөө, зөвийн зүгт харилцан буулт хийж, хатуу зарчим дор алсыг харж сэтгэж, гар нийлж ажиллах нь хүч чадлын сурвалж.

Монголчуудын сэргэн мандалтын түүхүүд ч ийм суурин дээр өндийж байсан. Үүнийг өвөг дээдсийн ухаанд  “Олны хүч оломгүй далай”,  “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр”,  “Эвт буга шаазгай буга барина”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэх зэргээр зүйр үг үлгэр домог, сургамжит хүүрнэл, цэцэн билигт сургаалаар өвлүүлсэн.

ХОЁР. НӨХДИЙН ХҮЧ. Алив хүний гадаад байдал, төрх шинж нь уул хүнийхээ хандлагыг  бага сага илэрхийлэх ч бүрэн төлөөлөх аргагүй. Тиймээс бусдын хүчийг, хэн хүний хийж бүтээх эрмэлзлийг зохих ёсоор үнэлж, урамшуулж, хөгжүүлбэл сайн. Өнөөдөр тэр мэдэхгүй, чадахгүй байж болох ч  тэр хүний дотор таны ч төсөөлөөөгүй авьяас билиг, чин сэтгэл, хөдөлмөрч дайчин чанар, эсвэл гоц суу билиг нуугдаж байж болзошгүй.

Алив хүн, хэн нэгэнд төгс таалагдах бололцоогүй,  алба ч үгүй. Үүнийг ардын ухаанд “Эрийг бүү бас, далайг бүү янд”, “Санаа сайтын заяа зөв”, “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бий”, “Хүний сайныг ханилан байж мэднэ”, “Хүлгийн сайныг унан байж мэднэ”, “Халхын говьд эрдэнэ бий, хазгар өвгөнд эрдэм бий”, “Жор үзсэн отчоос зовлон үзсэн чавганц дээр” зэргээр олон янзаар хэлэх, шоочлон үзүүлсэн уламжлал бий.

ГУРАВ. ӨӨРИЙН ХҮЧ. Хүн бүр өөрийн дотоод хүчиндээ тэр бүр итгэлтэй байдаггүй. Өөрийн төсөөлшгүй чадварыг гаргах бодит бололцоо нь хөдөлмөр, авьяас, аз гурваас бүрдэх ч дийлэнх хувь нь цуцашгүй зүтгэл, уйгагүй оролдлогоор дүүрнэ. Ардын ухаанд үүнийг “Оролдлого ихт оройд хүрнэ”, “Эзэн хийчээвэл заяа хийчээнэ”, “Эрлийг суургаар, эрдмийг хичээлээр”, “Хийвэл бүү ай, айвал бүү хий”, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”, “Хэлбэл үг, гишгэвэл газар”  гэх зэргээр сургамжлан өгүүлдэг.

ОЛНЫ ХҮЧ, БУСДЫН ХҮЧ, ӨӨРИЙН ХҮЧИЙГ  дутуу үнэлэх, бас хэтийдүүлэн юуг ч эс үйлдэн залхуурч найдах хэрэггүй. Болж өгвөл бодитой, зөв үнэлж сурах нь чухал. Өөрийн хүчийг мөрөөдлийн гал, зүтгэлээр өрдөж, бусдын хүчийг хүндэтгэл, олны хүчийг эвийн учиг, сайны өнгөөр тордож чадваас бидний цөөхөн Монголчууд цахиур хагална.

Таашаагүй үнэн болохыг харах өдөр бидэнд ирнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.