Хотын даргын суудал ХЭДЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-23

Эрх баригч нам УИХ болон орон нутгийн сонгуульд дараалан ялалт байгуулсан. Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэгвэл орон нутагт ялсан намын дарга нь ч бас орон нутагтаа ЭЗЭН нь болно гэсэн үг юм.

Улсын аварга Д.Сумъяабазар ч бас яг ийм л шугамаар явсаар хотын даргын сэнтийд заларсан. Гэвч тэрбээр “Би олдсон нүх болгон руу шургаж ордог хулгана биш” хэмээн ярьж байсан. Удалгүй үнэгүй шахам олдсон хотын даргын суудалдаа стандарт бусаар заларсан.  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж хотын дарга болно гэдэг бол улстөрч хүний хувьд амаргүй даваа мэт боловч цаана нь асар их “мөнгө”, боломж байгаа учраас тэр эрээ цээргүй улайран дайрсан нь тодорхой. Магадгүй эрх мэдэлтэй байгаа дээрээ хэдэн төгрөг ямар нэг хуулийн цоорхойгоор “халаасалж” дампуурах дөхсөн банкиа аврах гэсэн цогц төлөвлөгөө байхыг ч үгүйсгэхгүй.

Ингэснээр УИХ дахь түүний суудал эзэнгүй болов. Хуулиараа түүний эзгүй суудалд нөхөн сонгууль явагдана. Ойролцоогоор 1,1 орчим тэрбум төгрөгийг зардал гарна гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж байсан.. Эрх баригч МАН 2020.12.10 өдөр СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар болсон ч техникийн хүчин чадал нь хүрэлцэхгүй гэх шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдөр зохион байгуулахаар болгож өөрчлөв.

Ингэснээр улсын төсвөөс 1,1 орчим тэрбум төгрөг гаргахаар болж байна. Энэ мөнгийг хэн гаргах вэ... Албатай юм шиг УИХ-ын гишүүнээ хотын дарга болгохыг үүрэгдсэн МАН-ын дарга, бүлгийн гишүүд нь төлөх үү..., эсвэл одоогийн хотын дарга Д.Сумъяабазар өөрийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-наасаа гаргах уу...

Яг энэ асуудлыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн зардлыг МАН-ынхан өөрсдөө, эсвэл хотын дарга Д.Сумъяабазар та өөрөө гарга” гэж байсан нь бас байж болох хувилбар л даа... Гэхдээ МАН-ыханд ийм хэмжээний мөнгө хувиасаа гаргачих хүн байхгүй... чадахгүй учраас татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаас өөр аргагүй болж таарлаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.55.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.