Хүүгээ ЦЭРЭГТ БИТГИЙ ЯВУУЛААРАЙ...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-09

Сүүлийн үед Монгол улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн салбарт олон хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал тохиолдож байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Баянтоорой отрейд, хилийн 214 дүгээр ангид үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд харуулын албанд гарч байхдаа манааны ахлагчийгаа буудсан хамарсалтай хэрэг гарчээ.

Өмнө нь Говь-Алтай болон Дундговь аймгуудад алба хааж байсан байлдагч нар амиа хорлосон зэрэг харамсалтай үйлдлүүд олон гарсан. Үүнд харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Эх орноо хамгаална, эх орны хүү болно хэмээн цэргийн албанд ирээд бусдын гарт зүй бусаар амиа алдахаар ямар эцэг эх хүүгээ цэрэгт явуулах вэ дээ?... Боддоо өглөө хүүгийнхээ зүүн хацрыг үнсээд албанд нь үдсэн ээж маргааш нь хүүгийнхээ цогцсыг үзээд нулимсаа унагах нь зүйн хэрэг. Цэргийн алба гэдэг ийм хэврэг, дэндүү хямдхан, бас хэрцгий яргалал, дэглэлт болоод хувирчихсан.

Төр тань таны хүүг хамгаалж, эрүүл саруул хамгаалж чадахгүйгээс хойш та хүүгээ битгий цэрэгт явуулаарай. Эх орондоо хайртай байхаас илүү хүүдээ хайртай байгаарай.

Эрхэм аав та!!! Хүүгээ эх орны хүн болгоно доо, цэргийн хүн болгоно, жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлнэ гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Түүний оронд эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй болгоход л анхаар. Төр, эх орон чинь таны хүүг хүмүүжүүлж чадахгүй байна гэдгийг та ч харлаа, бид ч бодитоор мэдэрлээ. Хүүгээ цэрэгт явууллаа гэхэд амьд эргэж ирнэ гэдэгт баталгаа өгөх хэрэгтэй.

2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг генерал яриандаа онцолж байсан.  2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас үүдсэн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн гэв.

Батлан хамгаалахын сайдын хувьд цэргийн бүх анги нэгтгэлд сэтгэл зүйч ажиллуулна гэсэн бол Жанжин штабын дарга Б.Ганзоригийн хувьд цэргийн албан дахь гэмт хэргийг таслан зогсоохын тулд ЦЭРГИЙН ЦАГДАА байгуулъя гэдэг санал гаргасан. Уг нь цэргийн албанд байгаад болохгүй бүтэхгүй бүхнийг цэгцлэх гээд байгаа ч яаж ч шийдэж чадахгүй байна. Тиймээс эрхэм аав, ээжүүдээ та бүхэн ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ БИТГИЙ ЯВУУЛААРАЙ. Өөрийнхөө амьнаас ч үнэтэй үр хүүхдээ цэрэгт явуулж, сайн хүн, баатар болгоно гэж боддог сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол таны хүү, хүмүүжилгүй, ёс зүйгүй, боловсролгүй, балмад нэгний гарт амиа алдсаар байна. Цэргийн дэглэлт гэсэн ЯРГАЛАЛ ДУНД эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тийм учраас цэрэгт явуулахгүй байх нь зөв юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.