Хүүк дарга 01 болохын тулд ХЭДЭН ХҮНИЙГ ЗОЛИОНД ГАРГАХ вэ... Эрх баригч МАН 100 жилийнхээ түүхэн их ойгоор намаасаа Ерөнхийлөгч тодруулчих гээд хамаг л хүч, хар, хороо зарцуулж байгаа нь гарцаагүй. Тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж одоогийн төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга. Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд У.Хүрэлсүх чадлаараа л дэмжсэн. Найруулагч Х.Баатартай нийлж М.Энхболдын эсрэг ажиллан байж гаргаж ирсэн. Түүний хариуд Ерөнхий сайд болоход нь Х.Баттулга ч бас түүнд их тус хүргэсэн. Тийм учраас энэ хоёрын хооронд найз нөхдийн, ахан дүүсийн нарийн холбоо, нандин яриа бий. Тэр ярианаасаа хэн нэг нь түрүүлж буцсан нь баараггүй. Тэр хүн нь У.Хүрэлсүх үү, Х.Баттулга уу гэдэг нь тодорхойгүй.
Эрх баригч нам Ерөнхийлөгчийг сонгуульд эртнээс бэлдсэн. Үндсэндээ УИХ-ын гишүүд бүгд шахам л У.Хүрэлсүхийн төлөө зүрхээ өгөхөд бэлэн байна. Шударга, сайн хүн Ерөнхийлөгч болчихвол Монгол улс цэцэглэн хөгжинө гэх агуулгаар түүнийг илт магтаж байна. 2021 оны гуравдугаар сард болсон МАН-ын их хурлын үеэр намын даргын зүгээс “та бүхэн минь дэмжвэл би үзээд алдана” гэж далд санаагаа ил болгож хэлсэн нь бий.
МАН угаас л хар технолгиор ялалт байгуулаад сурчихсан улстөрийн хүчин. Тийм ч учраас сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч бас бичлэгний аян дайнаар эхлэж байна. Шүүгч нарын уулзалтын бичлэг, Т.Чимгээгийн яргалалын бичлэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн цагдаад дуудагдаж байгаа бичлэг гэх мэтээр үргэлжилж байгаа бол Сүхбаатарын Батболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын төрийн зүтгэлтнүүдтэй холбоотой шуугиант мэдээллүүд ч бас газар авч байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэг аргаар ялах ёстой. Хэрэв ялж чадахгүй бол намын даргын суудлаа ч бас алдаж, улстөрийн замналаа дуусгахад хүрнэ. Тийм учраас Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс урьдаас бэлдэж төлөвлөсөн бүх сумаа нэг нэгээр нь тавьж байна.
Ерөнхийлөгчийн өмнөөс тэр эхлээд өөрийн намын ах, Сү.Батболд даргыгаа сумлаж тавьсан. Ерөнхийлөгчийн баг түүнийг дийлчихээр нь Үндсэн хуулийн цэцийг өмнөөс нь бас л асаагаад тавьчихсан. Тэр нь маргаан дагуулаад ирэхээр нь элдэв бичлэг, өмгөөлөгч Б.Баасанцогт нарыг баримтуудыг ил болгов. Тэр нь бас л амжилт олохгүй, шуугиад өнгөрөхөөр нь Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхээр оролдох гэж үзэв.
А.Гансүхийн өмнөөс нь дунд хуруу үзүүлэнгүүд нь Ерөнхийлөгчтэй санхүү нэгтэй гэгддэг Ц.Анандбазараар оролдож эхлэв. Энэ бүх үйлдэл яг бичсэн зохиолын дагуу өрнөж байна. Эхлээд нэг сонин зүйл гаргаж нийгмийн анхаарлыг татааж, дараа нь ямар байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоно.
Сү, Батболд, А.Гансүх, Ц.Анандбазар нар бол зүгээр Ерөнхийлөгч болохоор улайрч буй хүний золиос болж, нийгэмд буруутан гэмтэн болж, адлуулж, шоолуулаад төгсөнө. Гэхдээ тэд жинхэнэ тулааны бус тоглоомын эхний л золиос болж буйгаараа АЗТАЙ байж ч болох юм.
Улстөрийн ямар том ашиг сонирхол, далдаас өгсөн захиалга байхыг үгүйсгэхгүй. Угаас улстөрийн нөхцөл байдлыг хэн ч тааварлашгүй шүү дээ... МАН-ын Удирдах зөвлөлд Ц.Анандбазарын асуудал хүчтэй яригдаж, гишүүний суудал нь ганхахад хүрээд буй. Тэгэхээр мань эр ч бас зүгээр суухгүй, эр хүний хувьд бодож санасанаа гүйцэлдүүлэх гэж оролдоно. Олон жил бизнест явсан хүн яаж хор найруулж, жор тааруулахаа мэдэхтэйгээ байгаа.
Наанаа Ц.Анандбазар гэдэг хүнийг хүчирхийлэгч болгон харагдуулах гэсэн боловч цаана нь улстөрийн оноо цуглуулах гэсэн увайгүй бодлого явж байгааг олж харах хэрэгтэй. Мэдээж хууль шүүхийн байгууллага үүнд анхаарч ажиллана. Гэхдээ түүнийг гэм бурууг тогтоохоос өмнө сошиолаар шүүж, ард түмний дайсан болгох технологи нь илүү үр дүнд хүрэх байх.
Мэдээж хөшигний араас У.Хүрэлсүх муу муухай болгоноос намаа, нийгмээ цэвэрлэсэн мундаг улстөрч болж харагдахын тулд одоо нуугдаж, гэтэж, өөрт ашигтай цагийг хүлээж байгаа. Улстөрийн мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг байдаг гэдэг нь ердөө энэ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин