Коронавирусийн дараах ЭДИЙН ЗАСГИЙГ та хэрхэн ХАРЖ БАЙНА ВЭ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-16

                                                   Татварын хөнгөлөлт, нэг удаагийн бэлэн мөнгөний дэмжлэг л ААН-үүдэд хамгийн ЧУХАЛ БОЛООД БАЙНА...

Монголчууд эдийн засгийн шинэ хөрсөнд соёолоход бэлэн үү... Энэ асуултыг танаас иргэн танаас асууя. Та эдийн засгийн шинэ орчинд бэлэн үү... Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн халдварийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь асар хүчтэй байна.  Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Иймд COVID-19 цар тахлын тархалтыг бүрэн хяналтад авах, вакциныг өргөн хүрээнд шуурхай нэвтрүүлэх нь богино хугацаанд бодлогын нэн тэргүүний чиглэлд тооцогдож байгааг томоохон хэвлэлүүд онцолж байна.

Бодит байдал...

Бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын судалгаанд COVID-19 вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ бизнест нөлөөлсөн тухай тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 57.4% нь маш их нөлөөлсөн, 32% нь дунд зэрэг нөлөөлсөн гэсэн бол 8.3% нь одоо хэлэхэд эрт байна гэж үзсэн бол дөнгөж 2% нь ямар нэг нөлөөгүй байна гэж хариулжээ.  Энэ үзүүлэлтийг салбараар ангилан харвал боловсрол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хамгийн их нөлөөтэй ба дунджаар 96% нь үйл ажиллагаанд дунд ба маш их хэмжээгээр нөлөөлсөн гэж хариулсан байна. Нийт дүнгээр нь харвал бүх салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд 65%-аас дээш дүнгээр нөлөө үзүүлжээ

Ямар нөлөө үзүүлсэн талаар тодруулан асуухад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 57.7% нь  бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нөлөөлөл хамгийн их байна гэж хариулжээ. Мөн 14.8 хувь нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхойгүй байдал үүссэн, 14.5% хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орсон зэрэг санхүүжилттэй холбогдох нөлөөтэй байгааг дурджээ.

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/resource/mongolchamber/File/2020/03/08/e4soy8hmyjl615ru/Tailan_Covid-19_sudalgaa_negtgesen_v0305.pdf 

Ядуурлын өнөөгийн түвшин

Монгол Улсын албан ёсны ядуурлын түвшин 2010 оноос хойш хэлбэлзэж ирсэн. 2010-2014 онуудын эдийн засгийн хурдтай өсөлтийн үед ядуурлын түвшин 38.8 хувиас 21.6 хувь болж нэлээд буурсан. Харин 2016 – 2018 онуудад ядуурал хөдөө орон нутагт буурсан боловч хот суурин газарт төдийлөн буураагүй дүр зураг ажиглагдаж байна.  Эдийн засгийн өсөлт хөдөө орон нутгийн ядуу иргэдэд илүү хүртээмжтэй байсан гэж хэлж болохоор байгаа ба 2016 онд 34.9 хувь байсан хөдөөгийн ядуурлын түвшин 2018 онд 4 хувиар буурч, 30.8 хувь болсон. Үүнд мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт, ядуу, бага орлоготой иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд голлон нөлөөлөв. Ойрын жилүүдэд хөдөлмөр эрхлэлт, ядууралд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг төсвийн хувьд тогтвортой байдлаар хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлт эерэг байх нь ядуурлыг бууруулах гол түлхэц хүч байх болно гэж Дэлхийн банкнаас үзжээ.

Хатуу хөл хорионы үеийн судалгаа...

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар  Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн нь Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүн амын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.

Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн. Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна. Хүн амын коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг харьцангуй өндөр байгаа ба судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын 4 нь Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байв. Гараа угаах (94%), маск зүүх (93%), гар барихаас зайлсхийх (97%), олон хүн оролцсон үйл ажиллагаанд оролцохоос татгалзах (96%) зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлах арга хэмжээг бараг бүх хүн хүлээн зөвшөөрч, даган мөрдсөн байжээ.

Эх сурвалж: https://pubdocs.worldbank.org/en/323761610940152348/MNG-HF-phonesurveyR3-LAST-MN.pdf  

Ямар дэмжлэг хэрэгтэй вэ...

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3% хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ. Нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 24 хувь нь вирусээс сэргийлэх чиглэлээр ЗГ-т дэмжлэг үзүүлжээ. Дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагааг тодруулан асуухад 36 хувь нь санхүүгийн дэмжлэг, 29 хувь нь эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, 8 хувь нь тээвэр логистикийн дэмжлэг, 6 хувь нь бизнесийн зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/resource/mongolchamber/File/2020/03/08/e4soy8hmyjl615ru/Tailan_Covid-19_sudalgaa_negtgesen_v0305.pdf 

 Засгийн бодлого...

Монгол Улсын Засгийн газраас  “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн талаар  4-р сарын 5-ны өдрийн байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилт, түүн дотроо ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаар мэдээлэл хийхдээ.  Өнөөдрийн байдлаар 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн 1661 нь Улаанбаатарт 3084 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна. Нийт дүнгээр 4,745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Ажлын байр дэмжих зээл олгогдсоноор одоогийн байдлаар  29,321 ажлын байрыг хадгалж үлджээ. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2,488 зээлдэгчид 186,7 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдгийг хэллээ.

Эх сурвалж: https://mof.gov.mn/article/entry/10ikhnayad 

Ерөнхий сайд юу гэж байв...

Цар тахлаас улбаалж, дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс 3 дахин хүндрэлтэй гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна. Манай Засгийн газар Ковид-19 цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана. Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг. Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох Шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний Баялгын Санг байгуулна. Үндэсний Баялгийн Сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны 3 чиглэлтэй байна. Баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бас л гашуун үнэн билээ. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгоно... хэмэээсэн.

Эх сурвалж: https://zasag.mn/news/view/25705 

Одоо бид Засгаас юу хүлээх вэ... Ковидын дараах ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД бид бэлэн үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.