Хоёр нэр дэвшигчээ ҮЛ ТООСОН Л.Оюун-Эрдэнийн Засгийн хувь заяа ОНХОЛДОЖ мэдэхээр байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-09-30

Цаагуураа түс тас тохиролцож, гар хөлөө барилцсан гэвчиг наанаа нөхцөл байдал улам эгзэгтэй болоод буйг хэн хүнгүй л харж байна. МАН-ынхан муудалцахаараа дотроосоо чимээ гаргахгүйгээр түлхэлцдэг “ёргүй нам”. АН-ынхан бол ёо ёо, үхлээ хатлаа гэж эхлээд эдээчин, уугаачин, хулгайч, зэлгийчдээ тулаад ил цагаан гараад ирдэг “ёозгүй авиртай” этгээдүүд.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хувь заяа ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙНА. АН-ынхан нөхөн сонгуульд хамаг анхаарлаа хандуулж, гишүүн болчих боломжтой хоёр БААТРЫГАА СОЙЧИХСОН. Түүгээр үл барам хоёр хэсэг байсан намаа ч нэг малгай доор нэгтгээд амжиив. Тэрчлэн “ОДОО БОЛЛОО” хэмээх нэртэй улстөрийн том жагсаал хийхээр болсон. Хүчгүй болж, эвдэрч, хагарч байсан АН буцаад эвлэрч, цугларч, нэгдэж хүчээ нэгтгэв. Эвтэй байхдаа хүчтэй гэж үг бий. Энэ нам нэг доошоо орохоороо яаж хүүхэд нохойн доог болдгыг С.Эрдэнэ биеэрээ үзүүллээ. Гурван хүн өрсөлдсөн сонгуульд ДӨРӨВТ орно гэдэг бол АН-ын хувьд эмгэнэл байсан гэдгийг нийтлэлч Б.Баабар гуай тодотгосон нь лавтайяа үнэн.

Сөрөг хүчин ингээд нэгдээд хүчирхэгжээд, эрх баригчдад тавих шаардлага өндөрсөж, хяналт чангараар ирэхээр Засгийн газар хүссэн хүсээгүй ЭВГҮЙ БАЙДАЛД орчихлоо. АН сул байх нь уг нь Засгийн газарт хэрэгтэй ч Монгол улсад эрх баригч намаасаа ч илүү хортой. Тийм учраас сөрөг хүчин чанга байх нь том шүүлтүүр болдог. АН бол яах аргагүй Монголын улстөрийн гол тоглогч нам. Л.Оюун-Эрдэнэ яагаад хувь заяа нь онхолдох хэмжээнд байна вэ гэхээр МАН-ынхан бодлогоороо нөхөн сонгуульд өрсөлдөж буй Э.Батшугар, Ц.Идэрбат хоёрт намын дэмжлэг үзүүлэхгүй байгаа явдал. Та нар үнэхээр эр улс мөн юм бол өөрсдөө энэ сонгуульдаа оролцоод ял, чадахгүй бол дахиж өрсөлдөхгүй шүү хэмээн намаас өгч буй сануулга ч байж болох.

Хотын МАН-ын хороо л лав Энхбаярын Батшугарт тийм ч таатай хандахгүй байгаагаа эс үйлдлээрээ тодорхой харуулж байна. Хотын дарга нарын хэвлэлийн хурал дээр Д.Сумъяабазар даргын хэлсэн үг ч дэмжихгүй гэдгээ илт илэрхийлэн өнгө аястай байсан. “Төр Засгийн бодлого уялдаа холбоотой байх ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ. Найрсаг Улаанбаатар гэдэг нэршил байх ёстой” гэж хэлсэн үг нь цаад утгаараа Сонгинохайрханы нөхөн сонгуульд өрсөлдөж буй Э.Бат-Үүлийг дэмжиж хэлсэн үг гэж ойлгогдоно. Яг нөгөө Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгад зориулж У.Хүрэлсүхийн хэлсэн “НААДАМД ЗӨВХӨН МОНГОЛ МОРЬ УРАЛДАХ ЁСТОЙ” гэдэг шиг л боллоо. Угаас МАН, МАХН хоёр нэгдсэнд Д.Сумъяабазарын бүлэг дургүй байсан гэдэг. Тэр ч утгаараа МАН-д бэлтгэгдсэн Н.Алтаншагай, Ж.Сандагсүрэн, С.Мөнхчулуун гээд залуучуудыг дээрэлхээд тохироогоор гараад ирсэн Э.Батшугарт тэр дургүй байх нь ойлгомжтой бөгөөд дэмжихгүй байх нь ч зөв. Тэр намын бодлогоо дагасан уу, дагасан. Э.Батшугарыг дэвшүүлсэн үү, дэвшүүлсэн тэгээд л болоо. Өөр зүйл хэрэггүй.

Хан-Хэнтийн нөхөн сонгуульд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нэр дэвшиж байгаа. Тэр ч эхэндээ дургүй байсан. Гэвч дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүнээ дэвшүүлэн зайлуулах арга хэмжээ авахаар зүтгүүлсээр байгаад нэр дэвшүүлэв. Ц.Идэрбат Б.Гарамгайбаатарт ялагдвал аймгийн Засаг дарга гэсэн албан тушаалаа ч өгнө. Түүний оронд Ерөнхий сайдын хүн очих нь гарцаагүй. Уг нь авлигын хэрэгт нэр холбогдож, шалгагдаж явсан Н.Энхбаатар гэх залууг МАН-ын залуучууд дэмжиж байсан ч Ба аваргын хор айхтар хүчтэй гүйж заалнаас ч нэрийг нь дэвшүүлээгүй юм даг. Тэгэхээр нэг нүүдэл байх нь. Хоёр тэрбумын үнэтэй “Андлалын өргөө”-г нь хамгаалж чадалгүй нураалгасан зэрэг сөрөг асуудлууд үүссэн учраас Л.Оюун-Эрдэнэ Ц.Идэрбатыг дэвшүүлэн зайлуулах арга хэмжээ авч байгаа нь илт. Та бүхэн анзаарч байгаа бол Б.Бат-Эрдэнэ аваргаас өөрөөр Хэнтийг зорьж байгаа хүн алга. Тэгэхээр өсгөж өндийлгөсөн улстөрийн угсаа залгамжлагчаа эцсээ хүртэл улаан цээжээрээ хамгаалахаас өөр арга аварга гишүүнд үлдээгүй бололтой. Ерөнхийлөгч нь очиж уул хангай тахьсангүй, Ерөнхий сайд нь очиж попорч орилсонгүй.  

Тэгэхээр энд нэг зүйл байна!! МАН-ынханд дахин хоёр суудал хэрэггүй гэсэн үг. Хоёрт, Э.Батшугар, Ц.Идэрбат хоёр ялагдах нь МАН-ынханд Засгийн газраараа оролдох том сэжүүр болно. Учир нь одоогийн Ерөнхий сайд бол МАН-ын дарга байдаг. Тэгэхээр бага гэлтгүй улстөрийн сонгуульд хайхрамжгүй хандаж буй энэ хандлага нь эргээд Л.Оюун-Эрдэнэд л ГАЙ БОЛНО.

Гуравт, Дарханы замыг дуусгаагүй, Таньжень боомтод ачаа бараа гацаасан, Замын-Үүдэд ачаа бөөгнөрөн зэрэг шалтгаанаар хэл аманд өртөөд буй Л.Халтар, Бензины нөөц хадгалж чадалгүй иргэдийнхээ сэтгэлзүйгээр тоглосон, татан авалт хийж чадаагүй зэрэгт буруутгагдаж буй Г.Ёндон сайд, Шонхор шувууг дураараа зарж буй, Хууль зөрчиж дархан цаазат газрыг нүүлгэсэн гэх зэрэгт нэр холбогдоод буй Н.Уртнасан сайд, Соёл урлагийг хөгжүүлэх сангийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх нэрээр 10 тэрбум төгрөгөөр гараа угаасан, хууль зөрчиж яамныхаа төрийн нарийнийг хүчээр томилуулсан гэх мэт ХУУЛИАС ДАВСАН ШИЙДВЭР гаргасан Соёлын сайд Ч.Номин нарт хариуцлага тооцохтой зэрэгцээд Ерөнхий сайдын суудал ч ганхах нь.

Дөрөвт, Энэ засгийн газарт эрх мэдэл дутаагүй, мөнгө ч дутаагүй, сэтгэл л дутаж байна хэмээн Н.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын хуульч гишүүд зарчмын байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэгэхээр Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарын гомдогсдын бүлэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж Л.Оюун-Эрдэнэд анхааруулга өгөх нь тодорхой болов. Дайран дээр давс гэгчээр 10 дугаар сары 01-нд Сөрөг хүчнийхэн “ОДОО БОЛЛОО” нэртэй жагсаал хийнэ гэсэн. Тэр жагсаалын ард МАН-ын зарим нөхөд байхыг ч үгүйсгэхгүй. Улстөрч гэдэг бол эрх ашгийн төлөө нэгнийхээ нухаж байж ч мэдэх тийм туйлбаргүй хүмүүс.

Товчхондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа ийм учраас л ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР байгаа шүү дээ!!! Хэрхэхийг тэр өдрийн тэнгэр л МЭДЭЖ ДЭЭ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.44.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.