Хятадуудын барьж буй “НОГООН НУУР” төсөл 511 САЯ төгрөгийн ХАРУУЛ ХАМГААЛАЛТ авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-20

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед 2017 оны зургаан сард ТУУЗ ХАЙЧИЛЖ, шав тавьсан “НОГООН НУУР 1008” орон сууцны хорооллын төсөл үндсэндээ зургаан жил болоход 20 хувийн гүйцэтгэл ч байхгүй байна. Төслийн хөрөнгө оруулалт нь буцалтгүй тусламж бөгөөд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үедээ 330 сая ам.долларыг “бадар барьж олж ирсэн” байдаг. Ингэхдээ тухайн үеийн хотын дарга Су.Батболд, Ц.Мөнх-Оргил гишүүн нарын хамт ТУУЗ ХАЙЧЛАН ШАВ ТАВЬЖ нэг жил гаруй хугацаанд түргэн шуурхай ашиглалтад оруулна гэснээс хойш ийнхүү зургаан жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Угаас МАН-ынхан тууз хайчилж ШАВ ТАВИХ “хоббитой” учир 2022 оны 6 дугаар сарын 27-нд буюу анх шав тавьсан цагаас хойш яг ЗУРГААН ЖИЛ ТАВ ХОНОГИЙН ДАРАА дахин газар ухаж шав тавьж, тууз хайчлав. Энэ ёслолд Барилгын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй сайд дарга нар оролцсон юм. 2024 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээж авахаар хугацааг нь ч сунгажээ.

Гэвч барилгын ажил 20 хувь ч хүрээгүй. 130 гаруй хятад иргэн барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. Уг төслийн ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗАРДАЛД улсын төсвийн 511 сая 500 мянган төгрөгийг батлаж өгсөн байна. “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”-ийн харуул хамгаалалтын үйлчилгээг “БУМБАТЗҮРХ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 22-нд 2022/232 тоот гэрээг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй байгуулжээ. Ингэхдээ 2022 онд гэрээ байгуулснаас хойш он дуустал долоон сарын хугцаанд 115 сая 500 мянга,  2023 онд бүтэн 198 сая, 2024 онд 198 сая төгрөгийг тус тус олгох аж.

Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84,833 м.кв талбайтай, 7,519 м.кв ил болон газар доорх нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2,420 м.кв явган хүний талбай, 1,262 м.кв хүүхдийн тоглоомын талбай, 7,270 м.кв ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 м.кв хоёр өрөө бхий зургаан айлтай нийт 1,008 айлын цогцолбор хороолол болж босох юм. Дээрх хотхоныг “Хятадын 2 дахь Металлурги групп корпорац” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажлаа эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.