Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш
Үйл явдал
/
2024-06-17

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь доройтолд өртөөд байгаа. Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.

Ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг “Цөлжилт” гэдэг. Монгол улсад цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс хүрээгээ тэлсээр байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн. Үүнээс хүний буруутай үйлдэл 87%, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлсээс шалтгаалсан нь 13%, газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг нь манайх. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буурчээ.

Ой модны хууль бус ашиглалт, хүнд үйлдвэрүүд, хөрс хуулалт, элс, хайрга олборлолт, хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн газрын талхагдал, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, хөрсний бохирдол зэрэг нь газрын доройтол, цөлжилтөд хамгийн ихээр нөлөөлдөг. 

Тухайлбал 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш модны хууль бус наймаа, ойн түймэр, уул уурхайн үйл ажиллагаа, түлшинд зориулж зөвшөөрөлгүй ашиглах зэрэг нь ойн бүсийг их хэмжээгээр доройтолд оруулсан.

Мөн олон жил бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж талхлагдуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлжээ. 

МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫГ (COP17) ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол Улс  цөлжилттэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар хичээж байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улс Европын холбоотой ойн салбарын тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс Европын холбооны Ойн түншлэлд нэгдэн орсон Азийн анхны орон болсон юм. Түүнчлэн, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хурлыг зохион байгуулж байгаа нь цөлжилтийн асуудлаар дэлхийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэх, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан, мэргэжилтнүүд үзэж байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. 

Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БОАЖЯ-аас хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БОЛ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ГОЛ АЖИЛ ЮМ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цөлжилттэй тэмцэх гол ажил юм. Цөлжилттэй тэмцэх зорилгоор 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих аяныг 2021 оны аравдугаар сард эхлүүлснээр ЗГХА Ойн газар байгуулагдах үндсэн хөшүүрэг болсон билээ. 

Өнгөрсөн хугацаанд манай Ойн газар гадаад харилцаандаа чамлахааргүй их амжилт гаргасны нэг нь БНХАУ-тай хамтарч “цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулах ажлыг амжилттайгаар зохион байгуулсан юм.

Хоёр улсын хамтарсан судалгааны багийн ажиллах хөтөлбөр, чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, ШУА-ийн дэргэдэх Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын судалгааны багтай хамтран хэлэлцэж боловсруулсан. 

Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БОАЖЯ, ЗГХА Ойн газар төлөөлөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Талууд хамтарч ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.

БНХАУ-аас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил орчмын бүсэд хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Энэ хүрээнд ой, цөлжилтийн чиглэлээр БНХАУ-д манай мэргэжилтнүүд  “Цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах” сэдэвт сургалтаар 20 хоногийн хугацаанд 10 удаагийн сургалтад хамрагдахаар болж өнгөрөгч 2023 оны есдүгээр сард эхний ээлжийн сургалтдаа амжилттай хамрагдсан юм. Сургалтыг хүртээмжтэй байлгахын тулд БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Усны газар, аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги, ШУА-Газарзүй геоэкологийн хүрээлэн, МУИС, Богдхан-Уулын ДЦГХЗ, Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо, “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв” зэрэг төр хувийн хэвшлийн төлөөлөл мэргэжилтэн, судлаач, ойн инженер, техникч 30 хүний бүрэлдэхүүнтэй баг төлөөлөгчид 2023 оны 09 дүгээр сарын 07-ноос 27-ны өдрүүдэд хамрагдав. Энэ нь  ЗГХА Ойн газар, их сургуулиуд, ойн ангиуд, мэргэжлийн мод үржүүлгийн газрууд, хувийн хэвшил зэрэг бүх талуудыг тэгш оролцоотойгоор хамруулахыг зорьсон хэрэг байв. 

Сургалт нь БНХАУ-ын Худалдааны яамнаас хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшил дээшлүүлэх сургалтын хүрээнд явагдсан бөгөөд сургалтын хугацаанд БНХАУ-ын Худалдааны яамнаас томилогдсон Гансу мужийн Ланьжоу хотод байрлах “Цөлжилтийг хянах судалгааны хүрээлэн” нь холбогдох салбарын албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтдийг зохион байгуулан ажиллав. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутаг болон, өөр өөрсдийн салбартаа өнөөдөр цөлжилтийн эсрэг тэмцэж буй хөрш улсын туршлагыг нэвтрүүлэн, түгээн ажиллаж эхэлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.