Уул уурхайн томоохон төслүүд хэрэгждэг өмнийн говьд уул уурхайн мэдээллийг ил тод болгож, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор говийн бүсийн төр захиргааны байгууллага, компаниуд, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлчдэд мэдээллийн ил тод байдлын ач холбогдол, хэрэгцээ, ашиглалтын талаарх цахим сургалтыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга байгууллагын Ажлын албанаас зохион байгууллаа.
Энэхүү байгууллага нь байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгон түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Сургалтад Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Хил хязгааргүй алхам ТББ, Хүний хөгжил судалгаа, сургалтын төв болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Нийтийн мэдээллийн хууль эрх зүйн орчин, орон нутгийн ил тод байдал, дэд зөвлөлүүдийн чадавх, иргэдийн мэдээллийн хэрэгцээ, уул уурхайн мэдээллийн хүртээмжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтын үр дүнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга байгууллагын дэргэдэх дэд зөвлөл, Цогтцэций, Ханбогд, Өлзийт, Даланжаргалан, Гурвантэс сумын дэд зөвлөлүүд гурван сарын хугацаатай мэдээллийн ил тод байдлаа сайжруулах аян өрнүүлэхээр боллоо.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин