“Топ 10 ААН” уулзалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2021-11-09
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санаачилгаар анх эхлүүлсэн “ТОП 10 ААН”-ийн хамтын ажиллагааны уулзалтыг энэ удаад МҮХАҮТ, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хамтран зохион байгууллаа. “Эх орныхоо тусын тулд” уриан дор зохион байгуулсан тус уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу толгой” ХХК , ХААН банк, “Энержи ресурс” ХХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, АПУ ХК, НИК ХХК-ийн удирдлагууд оролцож цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн боломж, хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
 
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП 10 ААН-ийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өнөөгийн байдал, бизнест тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад хувийн хэвшлийнхэн нэгдмэл байж, бодлогын түвшинд илүү нөлөөлөл үзүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санал санаачилга гарган хамтран ажиллах нь улам бүр чухал болж байна. Бид эдийн засгийг том зургаар нь харж, төрийн зөв оновчтой зохицуулалт дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэн өнөөгийн тулгарсан сорилтыг боломж талаас харах нэн шаардлагатай байна” гэдгийг онцлов.
 
 
ТОП 10 ААН-ийн удирдлагууд компанийнхаа сүүлийн үеийн мэдээлэл, алсын хараа, цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл өгч, эдийн засагт ач холбогдолтой том төслүүдийг эхлүүлэх, “new normal” буюу шинэ хэвийн байдалд дасан зохицох, дижитал шилжилт, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд манлайлж оролцох, хувийн хэвшлийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар олон нийтэд зөв, эерэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зэргээр эдийн засгаа богино хугацаанд хурдан сэргээхэд ТОП 10 ААН хэрхэн хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.
 
 
Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хангах, бүтээмжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр засгийн зүгээс шийдвэр гаргахдаа сошиалд бус шинжлэх ухаанд үндэслэх, нөхцөл байдлыг салбарынхны саналыг сонссоны үндсэн дээр бодитой зөв үнэлдэг байх, олон нийтийн дунд эерэг, зөв хандлагыг төлөвшүүлэх, хүний нөөцийн сургалт, хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлэхэд хамтрах, логистикийн нэгдсэн сүлжээ бий болгох талаар санал санаачилгуудыг уулзалтын үеэр дэвшүүлж байсан юм.
 
 
 
Мөн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн эдийн засгийн төлөв байдал, чиг хандлагын тухай танилцуулга хийж, сонирхсон асуултуудад хариулт өгөв. Уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус компанийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөг танилцууллаа.
 
ТОП 10 ААН уулзалтын үр дүнд оролцогчид эдийн засаг, бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ба цар тахлын дараа эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд манлайлан оролцох “Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичиг” гаргахаар тогтлоо.
 
 
Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/ 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.147.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.