Эдийн засгийн чуулган угтсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. “Эрчим хүчний сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгээр Н.Тавинбэх сайд мэдээлэл өгч байна.
-Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Таван толгой ДЦС (450Мвт) барьснаар өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Мөн "Оюутолгой" дотоодоос эрчим хүчээ ханган, жил бүр 120 сая ам.долларыг гадагшаа зарцуулдаг байсан нь зогсох юм. Энэ төслийг төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах тул төрийн өмчит компани байгуулсан. Төслийн 70 хувийг төслийн санхүүжилтийн зарчмаар шийднэ.
Дараагийн чухал төсөл нь Эрдэнэбүрэнгийн 90Мвт-ын усан цахилгаан станц юм. Энэ төслийн нийт өртгийн хувийг улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэнийг нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр шийднэ. Нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд нөхөн төлбөр олгоно. Энэ станц 2028-2030 онд ашиглалтад орно.
- Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна. Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө.
- ДЦС-3-ыг түшиглэн 400Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна.
- Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн тохируулга хийх, 160Мвт-ын цэнэг хураагуур байгуулна.
- Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх замаар нэгдэх судалгааг эхлүүлнэ.
- Эгийн голын усан цахилгаан станцын биологийн олон янз байдлын судалгааг эхлүүлнэ.
- Багахангай дүүрэгт 300Мвт-ын станц байгуулна.
- Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна.
- Эрдэнэбүрэн-Мянгат гэх мэт хэд хэдэн чиглэлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барина. Манай улсын хуульд цахилгаан дамжуулах шугамыг төр эзэмшдэг. Мөн энэ төсөлд хөрөнгө оруулсны дараа өртгөө нөхөх хугацаа урт байдаг тул хувийн хэвшил хөрөнгө оруулдаггүй. Цахилгаан дамжуулах шугамыг төр барихаас өөр аргагүй. Иймд АХБ-тай хамтран агаарын шугамаа өргөтгөнө.
2028-2030 онд нийслэлд тав дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулна.
Дээрх төслүүдийг нэн даруй хэрэгжүүлэхгүй бол ирэх өвлийн эрчим хүчний оргил үеийг хэвийн горимд давахад хэцүү болж, импортын эрчим хүчний хэмжээ өснө.
Цаашид 2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна. Учир нь бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна. 2020 онд л гэхэд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2015 оноос хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Нийслэл шинэ дагуул хоттой болж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээснээр цахилгаан, дулааны эрэлт улам өсөхөөр байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгсний дараа хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нар оролцож байна.