М.Оюунчимэг: Залуучууд, хүүхдүүдийн дунд СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ өндөр байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-22

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн насны залуучууд, хүүхдүүд сүрьеэгээр өвдөх нь их байна. Тиймээс уг өвчлөлд түлхүү анхаарч, урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ анхаарах шаардлага бий.

Анхан шатны урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүний санхүүжилт ЭМД-ын сангаас гарах юм. 2022 онд 90 орчим тэрбум төгрөгийг тусгасан. Эрүүл мэндийн сайдын багцын төсвийг 1,8 их наяд болсон. Монгол Улс сүрьеэгийн тархалтаар дэлхийд 10-т жагсаж байна. Бусад судалгааг харахад энэ өвчний тоо эрс нэмэгдэж байгаа нь сэтгэл зовниулж байна. Урьдчилан сэргийлэх ажилд бид түлхүү анхаарах шаардлагатай.

Сүрьеэтэй тэмцэхийн тулд эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Хүний нөөц, төсөв тооцооны талаар өнөөдөр зөвлөгөөнөөр тухайлан хэлэлцэх юм” гэлээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас сүрьеэгийн тандалтыг тогтмол хийж, тайланг гаргадаг. Жил тутам 3000-4000 орчим сүрьеэгийн өвчлөл бүртгэгддэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын  12 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Одоогоор сүрьеэтэй 2000 өвчтөн эмчлүүлж байна.

Сүрьеэгийн шалтгаант нас баралт Монгол Улсын хэмжээнд 200 гаруй байдаг. 2021 онд цар тахлын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт буурсантай холбоотойгоор нас баралт 197 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт цар тахлын улмаас олон бэрхшээл үүссэн. Сүрьеэтэй тэмцэх өдрийг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус сарын турш аяныг зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангахаар олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн хэмээн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.