Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв.
Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инноваци, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.