О.Цогтгэрэл: Дарга тодорч, бусад нь бүдгэрдэг лидер төвтэй үйл ажиллагаа АН-д гэлтгүй Монголын улс төрд нэвт шингэсэн
Бид дарга дагаж нам нүүдэг биш намын байр руу цүнхээ барьж ирсэн дарга, цүнхээ барьж гардаг байх нь юу юунаас илүү чухлыг ойлгоцгоолоо. Иймээс Чингисийн талбайг тольдсон анхны бууриндаа ахин өөрийн гэсэн байрны асуудлыг хойшлуулалгүйгээр шийднэ.
Боловсролтой, туршлагатай, авьяас чадвартай олон гишүүд Ардчилсан намд бий. Тэдний чадамж, потенциалыг Монголын төр битгий хэл нам маань ч ашиглаж чадахгүй явсаар байна. АН-ын гишүүдээр тогтохгүй иргэдийнхээ, эрдэмтдийнхээ, хөдөө аж ахуйн түүхий эдийнхээ гээд хөгжилд хүргэх олон нөөц, боломжуудыг ашиглаж чадахгүй явсаар л байна. Энэ бүх боломж, нөөцүүдийг илрүүлэн, эргэлтэнд оруулах менежментийг намын бодлогод ч, төрийн бодлогод ч тусган хэрэгжүүлнэ.
Дарга тодорч, бусад нь бүдгэрдэг лидер төвтэй үйл ажиллагаа АН-д гэлтгүй Монголын улс төрд нэвт шингэсэн. Ялагч бүгдийг авдаг биш оролцогч бүхэн хождог орчин цагийн өрсөлдөөний дүрмийг хаа хаанаа хэрэгжүүлэх цаг ирсэн. Өрсөлдөөн, мэтгэлцээнийг эрүүл үзэгдэл гэж ойлгож, өнөөг хүртэлх үл ойлголцол, талцал бидэнд дотоод эрчим, энерги, эвлэрлийг хожмын нэгдэлд авчирч, олуулаа хожно гэдэгт итгэж байна.
Эвийн төлөө, эвлэрэл, нэгдэл нягтралын төлөө энэ хүртэл тэсэхдээ тэсч, тэвчихдээ тэвчиж хүлээцтэй хандсаар ирсэн шигээ талцал тэмцэл, хуваагдал, тусгаарлалтыг хэзээ ч дэмжихгүй гэдгээ дахин хэлье. Ардчилсан намын туурганд багтаж байсан бүхэн, ардчилалд хайртай хэн бүхэн Ардчилсан нам гэх нэгэн малгайн доор зангидагдаж байж ахин бид сэргэн бадарна гэдэгт итгэсээр байх болно.
Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын хагарал, тэмцлийн хаалгыг хамтдаа хаацгааж ялгаварлал хөөлтгүй, дарга тойрсон үйл ажиллагаагаагүй, мөнгө татвараар эрэмбэлсэн тогтолцоогүй шинэ Ардчилсан намын үүд хаалгыг өргөн нээцгээе.
Гишүүд нь оролцдог, оролцохынхоо хэрээр ойлголцдог, намаа-ирээдүйгээ мэддэг, хамтын удирдлагатай, ирэх цаг рүү, залуус руу хандсан үйл ажиллагаатай, тогтсон соёлтой, институт болох Ардчилсан намын шинэчлэлийг цугтаа эхлүүлцгээе. Ардчилсан намын орон зайг өгүүлэн суугаа ард иргэдийнхээ итгэлийг ахин бадрааж, Ардчилсан намынхны шийдэл, шинэчлэлээр дутаж буй Монгол төрийнхөө, Монголчуудынхаа асуудлуудыг нимгэлцгээе.
Хөдөлмөрөө, хүчээ, хөлсөө, оюунаа зориулсан Ардчилсан намаа өөрийнхөө биеийн тал мэт нандигнаж, хайрлан хамгаалах, буцаан өсгөн торниулах чухал үүрэг та бид бүгдэд ногдож байна. Энэ өв хөрөнгө, үнэт зүйлээ нандигнан хайрлаж, чамбайлан хамгаалцгааж, нэрийг нь сэвтээлгүй, гэрийг нь гандаалгүй чадахын хэрээрээ өндөрт өргөн явахаа журмын нөхөд та бүхнийхээ өмнө амлаж байна.
Ирэх сонгуульд анх удаа Ардчилсан нам бүтэн ялж, бүрэн засаглах том зорилгыг тээж, хариуцлага, ачааны хүндийг залуус бид үүрсэн шиг үүрье. Ах нар минь, гишүүд, дэмжигчид та нар минь ташуур, түшиг болон дэмнэж, дэмжиж өгөөрэй.
Бүгдээрээ нийлээд ч ялж чаддаггүйгээ, салж, сарнихаараа ямар дэмжлэг авдагаа бид дэндүү сайн мэднэ. Иймээс урилгатай, мандаттай ч өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирэхийг хүсээгүй журмын нөхдөө нэгдэн нийлж АН-ын түүхэндэх анхны бүтэн ялалтыг цугтаа бүтээцгээе гэж уриалья. Туурга салсан нөхдөө, ардчилалд хайртай, эрх чөлөөг эрхэмлэгч, даварсан данхар төрийг эсэргүүцэгч хэн бүхний өмнө ч Ардчилсан намын үүд хаалга үргэлж нээлттэйг сануулья.
Тал нутагтаа ташуураа даллан морио хурдлуулж дэлхийн дайдыг эзэлж явсан Чингисийн хойч үес бид тархи, оюунаа дайчлан, эдийн засгаа тэлэн иргэддээ эрхийг нь эргүүлэн өгч, бизнесүүддээ гээгдсэн боломжуудыг ахин авчирч дэлхийд хүрч өрсөлдөх цаг ирлээ. Энэ өөрчлөлтийн эхэнд Ардчиллын дайчид та бид явах ёстой, ирэх сонгуулиудад Ардчилсан нам бүрэн ялах ёстой. Бид бүрэн ялж байж, Монголын Ардчилал бүтэн болно. Бүтэн Ардчилал-Бүрэн Ялалтын төлөө Монголын Ардчилал Бадартугай
Онц их хурлын илтгэлийн хэсгээс
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин