Хүн төрөлхтний түүхэнд томоохон сорилт болоод буй ковид-19 цар тахлын улмаас дэлхий дахинд олон сая хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд өмнө нь гарч байгаагүй сорилт, бэрхшээлүүд бий болж, үүнтэй холбоотойгоор нийгмийн олон асуудал хурцаар тулгараад байна.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар буурч, олон зуун аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь хаагдахад хүрснээр олон мянган ажлын байр үгүй болж, иргэдийн орлого буураад байна. Улсын төсвийн зарлага улам бүр тэлж, өнгөрсөн оны төсвийн алдагдал ДНБ-ий 8.8 хувьтай тэнцсэнээс гадна өрийн эмзэг байдлын зарим үзүүлэлт аюултай түвшнээс аль хэдийнэ давсан байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээнд гарсан хүндрэл илүү хүндээр тусаж, ачаа тээвэр хэдэн сараар саатан, тээврийн зардал хэд дахин өссөн нь импортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ огцом нэмэгдэхэд нөлөөллөө.
Цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хилийн боомтууд, тээвэр логистик, зарим бараа үйлчилгээний нийлүүлэлтэд гарсан хүндрэл, бэрхшээлүүд нь шийдвэрлэх ёстой олон асуудлыг ил болгосон. Эдгээрийг эрэмбэ дараатай, мэргэжлийн үүднээс хандан үнэлж цэгнэн, намжаах төдий биш урт хугацааны, үр дүнтэй шийдэл гарган хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Дээд болон мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх бодлого тогтолцоо алдагдсан, боловсролын чанар хангалтгүй, нийгмийн халамж хавтгайрсан зэрэг шалтгааны улмаас аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн, ялангуяа ур чадвартай, нарийн мэргэжлийн ажиллах хүчний хомсдолд ороод байна. Хүний нөөцийн хөгжлийн асуудал нь Монгол Улсын эдийн засгийн тэлэлт, бүтээмжийн өсөлт, иргэдийн орлого зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь хүчин зүйлсийн нэг учраас энэ талаар төрийн зүгээс зохицуулалт хийх, боловсролын байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухал байна.
Дижитал шилжилт хүчтэй явагдаж, иргэдийн цахим хэрэглээ огцом нэмэгдэж байгаа нь нэг талаар мэдээллийн эрин үед улс орон, байгууллага, хувь хүний хувьд өрсөлдөх давуу талыг бий болгож байгаа ч, нөгөө талаар цахим орчныг буруугаар ашиглах явдал тэр хэрээр нэмэгдэж, олон нийтийн уур амьсгалыг сөрөг хандлагад автуулах, хэн нэгний зохисгүй үйл ажиллагааны золиос болох, амьдралын эрүүл зөв хэвшлийг эвдэх, цаашлаад монгол хүний ёс зүй, хүмүүжил, уламжлалд сөргөөр нөлөөлөх олон үр дагаврыг дагуулж байна. Тиймээс нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох, цахим сүлжээг зөв хэрэглэх, хэвшүүлэхэд аж ахуйн нэгжүүд нөлөөллийн ажлаар хувь нэмрээ оруулах боломжтой гэж үзэж байна.
Бид Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх, цар тахлын дараах “шинэ хэвийн байдал”-д дасан зохицох, нийгэм болон эдийн засагт тулгамдаж буй эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулан, манлайлал үзүүлэхээ илэрхийлж байна. Үүнд:
I. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, бизнесийн таатай тогтвортой орчныг бий болгох чиглэлээр:
1. Бизнес, хөрөнгө оруулалтын орчны эрс шинэчлэлийн төлөө шийдвэр гаргалтын түвшин дэх өмгөөлөл нөлөөллийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа аж ахуйн нэгжүүдийн өсөж томрох үйл явцыг дэмжих, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд байлгах болон том төслүүдийг амжилттай эхлүүлэх, хэрэгжүүлэх хууль эрх зүй ба бодлогын тогтвортой орчныг бий болгохын төлөө нэгдэн ажиллах;
2. Бизнесийн томоохон төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий хөгжлийн корпораци байгуулах санаачилгыг дэмжих;
3. Худалдан авалтаар дамжуулан жижиг дунд бизнесийг дэмжих, бараа үйлчилгээгээ чанар стандартын шаардлагад нийцүүлэх чадамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
4. Бизнест тулгарч буй нийтлэг болон тухайлсан салбарын асуудлаар хамтран хэлэлцэх, байр сууриа нэгтгэн илэрхийлэх зохистой бүтэц зохион байгуулалтыг дэмжих, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох;
II. Иргэдийн боловсрол ба эрүүл мэндийг сайжруулах, нийгэмд эерэг зөв хандлагыг бий болгоход хувь нэмрээ оруулах болон хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр:
5. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилтнуудын болон тэднээр дамжуулан тэдний харилцаж буй иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, нийгмийн цахим сүлжээний зөв хэрэглээг бий болгох, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадварыг төлөвшүүлэх болон тэдэнд эерэг, өөдрөг хандлагыг бий болгох чиглэлээр санал санаачилга гаргах, хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
6. Ажиллагсад, үйлчлүүлэгчид, харилцагчдыг халдвараас сэргийлэх, халдварыг тархаахгүй байх нөхцөлийг ханган хадгалах, дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг уриалах;
7. Хувийн хэвшлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар эерэг зөв ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх;
8. Хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх, зөв хандлага сэтгэлгээг хэвшүүлэх, зөөлөн ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарах;
III. Дэд бүтэц, тээвэр ложистикийг шинэ загвараар хөгжүүлэх ба нийлүүлэлтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр:
9. Салбарын томоохон аж ахуйн нэгжүүд “Sharing economy” буюу хуваалцах эдийн засгийн загвараар дэд бүтэц, тээвэр логистикийг шийдлийг хөгжүүлэх чиглэлийг дэмжих;
10. Дижитал шилжилтийн техник технологи, дэд бүтэц болон эрх зүйн зохицуулалтын бэлэн байдлыг хангахад хамтран ажиллах;
11. Нийлүүлэгч талаас үл шалтгаалах, хянах боломжгүй нөхцөл байдал үүссэн үед үнэ, хугацаа зэрэг гэрээний зарим нөхцөлд тохируулга хийх замаар аж ахуйн нэгжүүд харилцан ойлголцож, эрсдэл багатайгаар шийдвэрлэхийг эрмэлзэх;
IV. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, уялдуулах, дэмжих чиглэлээр:
12. НҮБ-ын Хүүхэд хамгаалах сангаас гаргасан “Хүүхдийн эрх ба бизнес” зарчмуудыг хэрэгжүүлэх, сурталчлах, энэ чиглэлээр гарсан санал санаачилгыг дэмжин оролцох;
13. Бизнест үзүүлж буй төрийн хүнд суртлыг бууруулах, авлигыг зогсоох, улсын төсвийн төлөвлөлт, зарцуулалтад олон нийтийн хяналтыг бий болгоход хүчин чармайлт гаргах;
14. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, түүний дотор, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд аж ахуйн нэгжүүд өөрсдөөс хамаарах арга хэмжээнүүдийг авах, харилцан туршлагаа солилцох, сайн туршлагыг түгээх зэрэг болно.
Бид Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бизнес эрхлэгчдийг манлайлах, уриалах зорилгоор энэхүү Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурав.
Бид бизнесийн ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлж, “шинэ хэвийн байдал”-д хамтдаа өсөн дэвжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин