Б.Жавхлан: Эрээнд халдвар гарсангүй. 14 хоногийн дараа хэвийн болох байх
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-18

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрсөн гурван хоногт боомтуудын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Гашуунсухайт боомт болон Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн тээврээр нүүрс тээвэрлэж гаргах журам хэрэгжиж эхэлснээр харьцангуй эмх цэгцтэй болжээ. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоногт өдөрт 400-500, өнөөдөр 600 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт гарсан таатай мэдээ байна. Хятадын талтай хамтран тээврийн хэрэгслийн тоог шат дараатайгаар нэмэх боломж ч бий.

Замын-Үүдийн боомтын хувьд төмөр замын ачаа тээвэрлэлт хэвийн байгаа ч гагцхүү урдаас газраар бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн зогссон. Харин нөгөө талаас тавьж байгаа шинэ нөхцөл шаардлагыг судалж үзсэн ба аль болох тээврийн хэрэгслүүд,  жолооч нарыг хооронд нь уулзуулахгүйгээр хилийн 0 цэг дээр чингэлэгтэй бараа бүтээгдэхүүний тавьж, манай талаас тавцантай тээврийн хэрэгслээр татан авах шинэ горимд шилжих арга дээр санал нэгдлээ. Эрээнд сүүлийн долоо хоног шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-21 хоног ажиглан дахин шинэ тохиолдол илрэхгүй бол бараа татан авалтыг хэвийн явуулахаар хоёр тал тохиролцсон.

Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайт дээрх шиг чингэлэг терминалийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа ба энэ нь улсаас төсөв гарахгүй, тэнд нүүрс олборлож буй есөн ААН-ийн төсвөөр хийж байна. Бүтээн байгуулалт 80 хувьтай байгаа ба ирэх сард дуусна. Энэхүү терминалаа Хятадын талд танилцуулж, хэрхэн ашиглах талаар харилцан хэлэлцээр хийж байна. Ашиглалтад ормогц чингэлгээр нүүрс зөөх экспортын үйл ажиллагаа явагдана.

2022 оны төсвийн онцлог нь түүхий эдийн экспортоо аль боломжит хувилбараар гаргана гэсэн ба бид энэ дагуу ажилдаа ханцуй шамлан орж боомтуудын нөхцөл байдалтай танилцлаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.5.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.