Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ
Үйл явдал
/
2021-11-18

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ
 
“Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.
Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна.

Төмөр замын улсын хил огтлолын цэгийг тохиролцох Монголын талын ноот бичгийг албажууллаа

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.
“Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. Гашуунсухайт - Ганцмод боомтын төмөр замын эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж нээгдлээ” гэж Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав
 
Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа.
Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой ДЦС, Чойбалсан зүүн бүсийн ДЦС, Хуримтлуурын төсөл, Амгалан ДС, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян-Ханги төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Дамжуулах хоолой, УБ хотын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, Боомтын шинэчлэл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Орхон-Онги усны төсөл, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр зэрэг төслийн онцлог, ач холбогдол, санхүүжилтийн эх үүсвэр болон тооцоолол, эдийн засгийн үр өгөөж, шийдэх асуудлын талаар танилцуулсан байна.
 
Архангай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна
 
Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.
 
Товч мэдээ
·      Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.