С.Ганбаатар: МАН-ын бүлгийн 62 гишүүн даатгалын компаниудаас АВЛИГА АВСАН байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-20

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хяналцана. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргалаа.  

Тэрбээр "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна гэж үзэж байна. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрийн эрсдэлийг үүрэх тухай хууль. Үүнийг төрд авъя гэж байгаа юм байхгүй. Төрд авах PR-ийг даатгалын 14 компани явуулж байна. Гэтэл нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгаж байна. Харин жолооч нарын төлөөлөл болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг мөн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулмаар байна. Нэг сая жолоочийн эрх ашгийг хэлэлцэхгүй байх шийдвэрийг МАН-ын бүлэг яагаад гаргав аа. Мөнгөө төлсөн хүмүүс хөгжмөө захиалдаг гэдэг. Гэтэл жолооч нар юун хөгжмөө захиалах. Төр даатгалыг 14 компанид хуваагаад өгчихсөн байна" гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Жолоочийн даатгалын тухай төслийг хэлэлцэж явах нь зүйтэй. Даатгалын компаниудыг сонсох ёстой гэхдээ нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй гэсэн горимын саналаа илэрхийллээ.

С.Ганбаатар гишүүний мэдэгдэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйна уу. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Иймээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.234.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.