Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түнш бүлгийн гишүүдтэй уулзлаа
Үйл явдал
/
2021-11-27
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн Түнш бүлгийн гишүүдтэй өглөөний уулзалт хийж, салбарын 5-10 жилийн хөгжлийн голлох чиглэл, түншлэл, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг ярилцлаа.
 
Уулзалтад Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Германы хамтын ажиллагаа, Америкийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбооны Монгол дахь элчин сайдын газар, Тогтвортой ноос ноолуурын холбооны төлөөлөл оролцсон юм.
 
Бидний уулзалтын гол сэдэв хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилт рүү чиглэв. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, улсынхаа эдийн засгийн гол тулгуур болгоход бидний зорьж буй цахим шинэчлэл маш чухал үүрэгтэй. Цахим шилжилтэд мал аж ахуй, газар тариалангийн бүртгэл, хяналт, мониторингийн систем нөгөө талдаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мөшгөх систем, түүний үндсэн зангилаа болсон Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл багтана. Үүнийг гол бодлого зорилтоо болгож, энэ чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
 
Хөдөө аж ахуйн биржийн системийг шинэчилснээр малчид, тариаланчдын улирлын хамааралтай орлогыг халж, жигд тогтвортой болгох үндэс суурь бүрдэх юм. Биржийн системийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг дээрх олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж, хамтран ажиллах нь чухал учраас түнш бүлгийн гишүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.
 
Түүнчлэн бид агуулах, зоорь, ноос ноолуур, арьс ширний зах зээл, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон талт асуудалд санал солилцож, салбар яамны зүгээс дээрх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
 
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг бүрэн цахимжуулах, улсынхаа эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхэд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэг чухал ач холбогдолтой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.197.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.