Ардын нам АВЛИГАЧДАД НҮҮР ӨГӨХГҮЙ, ОРОГНУУЛАХГҮЙ гэлээ...!!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-08

МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын талаарх мэдээллийг хурал даргалагч Д.Тогтохсүрэн, хурлын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар өглөө. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор есөн асуудлыг нь хэлэлцээд байна. Ганц асуудал үлдсэн нь намын Бага хурлын асуудал байна. МАН-ын даргаар өчигдөр Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.67 хувийн саналаар батламжилсан. Ингэснээр МАН-ын дарга намынхаа 30 дахь Их хурлаар 30 дахь дарга болж байна. Хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Нийт долоон тогтоол гаргасан. Нэгдүгээрт, намын даргын илтгэлтэй холбоотой "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой хоёрт тогтоол гарсан. Нэг нь, МАН-ын 100 жилийн ойн тогтоол байлаа. Энэ бол намын дотоод амьдралтай холбоотой, өнгөрсөн 100 жилд МАН-ын гүйцэтгэсэн үүрэг, цаашдаа тавьж байгаа зорилттой холбоотой. Нөгөө нь, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлтэй холбоотой "Шинэ сэргэлтийн бодлого"-той холбоотой есөн зүйл, заалт бүхий тогтоол гарсан. Энэ тогтоол бол УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн, өчигдрийн намын даргын илтгэлд тусгагдсан эдийн засгийг сэргээх зургаан зүйл бүхий томоохон зорилтыг багтаасан тогтоол юм.

Түүнчлэн "Намын Хяналтын хорооны тайлан илтгэлтэй холбоотой, Д.Амарбаясгалангийн илтгэлтэй холбоотой ажлын тайлан зэрэг дөрвөн тогтоолыг баталж гаргасан. Нам цахим нам болсон, УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилттай он жил байлаа гэж ажлаа дүгнэлээ. Намаас томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарсан. Манай намаас нэр дэвшиж, албан тушаалд ажиллаж байгаа 2000 гаруй хүн бий. Тэдний хариуцлагыг дээшлүүлэх асуудал бий. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдагдсан Хүний эрхийн хууль эрх зүйн асуудалтай холбоотой тогтоол гарсан. Мөн Авлигын эсрэг эрх зүйн орчныг сайжруулах тогтоолыг баталж гаргалаа. Ер нь, өмнө нь хэлэлцэж байгаагүй асуудал бол хүний эрх, авлигатай тэмцэх асуудал байгаа юм" гэх мэдээллийг өглөө.

МАН дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг өчигдөр, өнөөдөр хэлэлцээд сая баталлаа. 

НЭГДҮГЭЭРТ,Дүрэмд цахим харилцааг зохицуулсан асуудлыг бүлэг болгож намын дүрэмд оруулсан.

ХОЁРДУГААРТ,сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй хэрхэн яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг намын дүрэмд тодорхой болгож тусгасан. Тухайлбал, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Тиймээс авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийлээ. МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаас иргэд сонгогчид, намын гишүүддээ хандсан уриалга гаргасан байна. Энэ талаар Их хурлын нарийн бичгийн даргаар сонгогдсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

МАН-ЫН 30 ДАХЬ ИХ ХУРЛЫН 17ДУГААР ТОГТООЛООР БАТЛАГДСАН УРИАЛГА:

-Өнгөрсөн 100 жил бол МАН-ыг үүсгэн байгуулагчдын чин эрмэлзэл, улсын тусгаар тогтнол бүрэн эрхийг тэмцэн олж, улмаар ардчилсан төрийн тогтолцоогоор баталгаажуулсан түүхэн үе байлаа. МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улстөрийн хүчин мөн. Ээдрээ бэрхшээл хатуу сорилтуудаар эхэлж буй шинэ зуунд манай нам хөгжил дэвшил оршин тогтнохын үндэс, бие даасан хүчирхэг аж ахуй үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн улс болоход бүхий л бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. Ийм бодлогын төвд хууль, төр засгийн ажил үйлээр хүний эрх нь хангагдсан чөлөөт, эрүүл боловсролтой хөдөлмөрч иргэн байх болно. Бид иргэн бүрээ хөхүүлэн дэмждэг, оролцоог хангадаг, хууль дээдлэх ёс шударга ёсыг хангасан улстөрийн ардчилсан тогтолцоо, парламентын тогтолцоог хангасан сахилга хариуцлага ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлж, төр иргэний хоорондын итгэлцлийг шинэ түвшинд гаргана. Төлөөллийн ардчиллын зарчмаар байгуулсан төр засаг үндэсний эв нэгдлийг нүдний цөцгий мэт нандигнан хамгаалж, одоо болон ирээдүй үеийн хүсэл мөрөөдөл мөн эдийн засгийн болон байгаль экологийн таатай нөхцөлийг хангасан ногоон хөгжлийг  бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замыг урт дунд богино хугацааны бодлого болгон, төр хувийн хэвшил нийгмийн бодитой оролцоо, хөрөнгө оруулагчийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүйцээх бүрэн боломжтой байна. Зууны турш Монголын ард түмний итгэл найдварыг тээн хэрэгжүүлж ирсэн МАН-аас дэвшүүлж буй энэ зорилгыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.89.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.