Өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу 1921 онд Монголын худалдааны анхны байгууллага болох Ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулснаар үндэсний худалдааны салбар үүссэн түүхтэй. Тус салбарын 100 жилийн ойд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран түүхэн бүтээлийн танилцуулга, үзэсгэлэнг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл мөн худалдааны салбарт үнэт хувь нэмрээ оруулсан ахмад зүтгэлтнүүд оролцсон юм.
“Монгол Улсын худалдааны салбар 100 жил” хэмээх баримтат киног Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдорж бүтээсэн бөгөөд өнөөдөр тус түүхэн киноны нээлтийг хийж, үзэгчдийн хүртээл болгов.
100 жилийн ойд зориулан бүтээсэн бас нэгэн бүтээл бол “Монголын худалдааны түүхийн сургамж” хэмээх ном юм. Уг номыг УИХ-ын гишүүн, Худалдаа бэлтгэлийн яамны сайд асан, гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуу бүтээж, өнөөдөр нээлтээ хийснээр уншигчдын гарт хүрч байна.
“Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт 1090 дахь шуудангийн марк үнэт цаасыг "Монгол шуудан" ХК, зураач Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар шинээр бүтээсэн. Өнөөдөр анхны өдрийн дугтуйг баталгаажуулж, хүрэлцэн ирсэн зочдод толилуулснаар нийтийн хүртээл болсон юм. 45х33 мм хэмжээтэй энэхүү маркийг 11,000 ширхэг хэвлэсэн байна.
Түүнчлэн Монголын худалдааны түүхийг харуулсан үнэт ховор гэрэл зургийн үзэсгэлэнгээр ирсэн зочдын мэлмийг мялаалаа.