Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв
Үйл явдал
/
2021-12-18
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН:

“Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа.

Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан.

Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна.

Оросын Холбооны Улс, Монгол Улс аюулгүй байдлын салбарт амжилттай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч, эерэг уур амьсгалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхлүүлж буйд баяртай байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Оросын Холбооны Улсаас эхэлж байгаадаа баяртай байна.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн их бүтээн байгуулалтын үед ч Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүн нар бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийлж байна.

Бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай түүхэн уламжлалт харилцаа билээ.

Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны шинэ зууны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн үндэс суурь болж байгааг хоёр улсын төрийн тэргүүн нар дахин нотоллоо.

Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байна.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг далайцтай нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бид санал нэгтэй үзэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдэд оросын талыг идэвхтэй хамтран ажиллахыг урьж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийллээ.

Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах талаар харилцан санал солилцлоо.

 

Талууд 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих 3 улсын хамтарсан төслийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байна.

Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.

Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлал бий. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна.

Манай хоёр улс бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн “Их Евразийн түншлэл” байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Оросын Холбооны Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал”-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна.

Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшлан хөгжиж байна. “Ковид-19” цар тахлын энэ цаг үеийн сорилт, бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, шинэ агуулгаар баяжуулан харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж байна.

Миний бие өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шинэ түвшинд гаргахад хүчин чармайлт гаргаж буй эрхэм хүндэт Владимир  Владимирович Танд болон агуу түүхт, мөнхийн хөрш Оросын ард түмэнд, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.164.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.