МОНГОЛ УЛСТАЙ мэдлэг хуваалцах хөтөлбөр нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2021-12-19
“Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох нь” сэдэвт семинар боллоо.

Уг семинарын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь оролцов. 
    
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь хүн амыг аюулгүй хүнсээр болон дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, нөхөн сэргээгдэх арвин нөөц баялагтай салбар бөгөөд эдийн засаг, нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж байна. 

Хөдөө аж ахуйн салбарт 180 мянга гаруй малчин өрхийн 300 орчим мянган малчин, 16.3 мянган тариаланч өрх, 1.5 мянган тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт ажиллагч  20 гаруй мянган өрх ажиллаж, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 23 орчим хувийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гол салбар юм. 

Хөдөө аж ахуйн салбар нь 2020 оны байдлаар ДНБ-ний 12.2 хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын мөн 12 орчим хувийг бүрдүүлж, улсын төсвийн зардлын 3.1 хувийг эзэлж байна. 

 

Тус салбарт 2010-2020 онд нийт 671.8 тэрбум төгрөгийн урамшуулал, татаас олгосон байна. Үүний 76.9 хувь буюу 496.4 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарт, 23.1 хувь буюу 175.3 төгрөгийг газар тариалангийн салбарт олгожээ. Энэ нь татаасын бодлого зорилтод бүлэгт хүрч, зорилтод бүлгийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байрыг бий болгох зорилготой юм. 

Бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл явуулах, хөдөө аж ахуйн нөөцийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг бүтээх, гадаад зах зээл рүү чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарч, хүнс экспортлогч орон болох зорилго тавин ажиллаж байна. Мөн бүс нутгийн хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, ядуурлыг бууруулах, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад оруулах хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. 

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд “Монгол Улстай мэдлэг хуваалцах” хөтөлбөр томоохон нөлөө, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж дэд сайд Г.Батсуурь нээлтийн үеэр хэлсэн юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.