Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа боллоо
Үйл явдал
/
2021-12-20

Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. 

 

 

Тус үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулж байгаа юм. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцож байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд гурван өдрийн хугацаанд нийт 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ.  

 

 

“Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдаа 12-р сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болж, УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Тогтохсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа нар оролцлоо. 

 

 

Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй нөхцөл байдалд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж, дөрвөн өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон бол нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ сонгож, эх оронч худалдан авалт хийх иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Мөн 30 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаанд оролцох эрхтэй болж, гурван худалдан авагчийг азтанаар шалгаруулсан юм. 

 

 

Мишээл экспо төвд болж буй тус үзэсгэлэн худалдаа маргаашийг /2021.12.19/ дуустал үргэлжлэх тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжихийг уриалж байна.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.88.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.