"Богдхан төмөр зам", "Тэрбум мод" төслүүдэд ОХУ-ын Засгийн газар ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, хамтран ажиллана гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар утсаар ярьж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан нь айлчлал үр дүнтэй болоход түлхэц үзүүлснийг дурдав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар өргөн хүрээний ойлголцолд хүрч, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргасныг онцлон тэмдэглэв.

Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цогц байдлаар хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах үүднээс Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төрийн тэргүүн нар санал нэгдсэнийг мөн тэмдэглэв.

ОХУ-ын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцааны уламжлалыг нандигнан үздэг бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын дарга М.В.Мишустин нар тэмдэглэж, үүнд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харилцааны шинэ зуунд харилцан ашигтай байх зарчмаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын томоохон төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов.

Монгол Улсын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдэд хамтран ажиллах боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын дарга хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цогц төлөвлөгөө гарган ажиллах үүргийг холбогдох байгууллагууддаа өгч буйгаа тэмдэглэв. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх замаар ОХУ-д гаргах махны экспортыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлснийг дэмжиж ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв.

Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал болохыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Монгол Улс, ЕАЭЗХ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг тогтохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ярилцав. Хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар тэмдэглэж, Монголын боловсон хүчнийг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, Монгол дахь орос хэлний сургалтыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.