Н.Учрал: Хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна
Үйл явдал
/
2021-12-22

И-Монголиа төрийн нэгдсэн систем болон цахимын багц хуулиудын талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан.

Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэл ямар төрлийн мэдээлэл багтах вэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар цаасаар авдаг байсан үйлчилгээг зогсоож байна.

Харин Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах цэгийг тодорхой болгох, төхөөрөмж байрлуулах журам гаргаж, түүнийгээ мөрдөх зэрэг асуудлыг хуульчилсан.

Өмнө нь хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулиар мэдээлэл цуглуул, ашиглаж, боловсруулж байгаа бол мэдээлэл хариуцагч болж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг болсон. Сэтгүүлч болон иргэдийн зүгээс нууц гэдэг тамга дараад аливаа мэдээллийг нийтэд хаалттай байлгаж байна гэдэг гомдол гаргадаг байсан. Харин энэ хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна.

Цахим гарын үсгийн тухай хуулиар И-Монголиа систем дээр төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох том шийдэл болж чадсан. Өмнө нь цахим гарын үсгийг ашиглаж байсан ч ердөө 30 гаруй мянган иргэн энэ үйлчилгээг хэрэглэдэг байсан. Энэ бол хангалтгүй тоо. Харин одоо 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө.

Энэ хууль зөв хэрэгжээд биелэлээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэрээсээ, гар утаснаас төрийн 600 гаруй үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч ашиглах боломж бүрдэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.