Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталлаа
Үйл явдал
/
2021-12-24
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, тодорхой хариултуудыг авлаа.
 
УИХ-ын гишүүн Н.Энхболд: “Энэ асуудлыг дэмжиж байна. Чөлөөт бүс бол хөрөнгө оруулалтын гол механизм. Чөлөөт бүсийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Гэрээг ёсчлон батлахад хэрэгжээд эхэлнэ. Тиймээс хэрэгжүүлэх, ажиллах гол аж ахуй нэгжүүдийг маш сайн шалгуураар сонгох хэрэгтэй” хэллээ.
 
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: “Бид эдийн засгийн чөлөөт бүсийн талаар яриад үндсэндээ 27 жил өнгөрч байна. Энэ хугацаанд ахиц дэвшилт гарсангүй. Тиймээс яаравчлах шаардлагатай. Эдийн засгаа сэргээх, бодлого, чиглэлээ тодорхойлоход зайлшгүй үүнийг батлах хэрэгцээ их байна” гэлээ.
 
Монгол Улсын Засгийн газар байгалийн баялаг, ажиллах хүчний нөөц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийг сэргээх тухай 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан. Олон улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар батлуулах нь Монгол Улсын эдийн засгийн сэргээх, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.
 
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар хоёр улс харилцан тохиролцсон. Чөлөөт бүсийн тухай хуулийг 2015 онд УИХ-аар баталсан ч нэр томьёоны хувьд зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан учраас энэ оны 11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Хууль батлагдсаны дараа Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах шаардлагатай болсон. Хэлэлцээрийг баталснаар Замын-Үүд Чөлөөт бүс хөдлөх бололцоо бүрдэнэ.
 
Мөн Замын-Үүд хөгжөөгүй шалтгаан нь хууль эрх зүй болон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг батлуулж амжаагүй байсантай холбоотой. Эрээн болон Замын-Үүдэд тус бүр 900 га талбайд чөлөөт бус гаргахаар төлөвлөсөн.
 
Ийнхүү 2016 оноос хойш хүлээгдсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өнөөдөр УИХ-аар оруулж соёрхон баталлаа.
Ийнхүү Чөлөөт бүсийн тухай хууль болон Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар Чөлөөт бүсийн асуудал хууль эрх зүйн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалт, бараа үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал хөгжих, цаашлаад бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн шинэ гарц, боломжууд нээгдэнэ.
 
 
.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.