Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Хоршоологчдын үндэсний VII чуулганыг зохион байгууллаа. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хоршоолол Монгол оронд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хоршооллын талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр илтгэлт тавилаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны тоон мэдээгээр Монгол Улсад 4468 хоршоод 234633 гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Эдгээр хоршоодын 3670 нь орон нутагт, 798 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4250 нь анхан шатных, 200 гаруй нь дундын хоршоо байна. Иргэд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдэж, хөдөлмөр, хөрөнгөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэн хүн амын ядуурал, ажилгүйдэл нэн ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.
Хоршоод нь нийт аж ахуйн нэгжийн 2,2 хувийг эзэлж, албан бус тоогоор 234 мянга гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлж, 1,1 сая өрхийн гишүүдийг амьдралын баталгаагаар хангаж байна.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2019 онд Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”, 2021 онд УИХ-аас Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоолыг баталсан.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, Загвар хоршоодыг байгуулах, Хоршоог хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, бүх хоршоодыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар төлөвлөж байна.
Малчид, тариаланчдын бэлтгэж буй түүхий эдийг эцсийн хэрэглэгчид хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хэрэгцээг стандартын дагуу бэлтгэж, чанартай, тасралтгүй, найдвартай хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байна. Иймд үндэсний түвшинд орон нутаг, сум бүхэнд түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг гардан хариуцагч, малчид, тариаланчид, мал бүхий өрхийг нэгтгэсэн, өмчийн оролцоо бүхий хөдөөгийн хөгжлийн загварыг бий болгох хэрэгтэй.
Нэг сум - Нэг хоршоо хөдөлгөөний хүрээнд сум болгонд “Загвар хоршоо”-г бий болговол сумын иргэд хоршоогоо өөрсдөө байгуулж, өөрсдөө удирдаж, өөрсдөө хянаж, хоршоогоороо үйлчлүүлж, хүртэх ашгаа хувааж, орон нутагтаа сайхан амьдрах боломж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 онд “Загвар хоршоо”-ны ТЭЗҮ -ийг хийлгэсэн. Уг хоршоо нь тухайн орон нутгийн нөөц боломж, онцлогоос хамааран мал аж ахуй, газар тариалан эсвэл хосолмол байдлаар үйл ажиллагаа явуулж болохоор тооцоолсон. Загвар хоршоог байгуулсанаар сум бүрт 29 ажлын байр шинээр бий болж, түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжиж, үйлдвэрүүдийг чанар стандартын шаардлага хангасан түүхий эдээр хангаж, өрхийн орлого нэмэгдэж, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр болно.
Чуулганы үеэр улсын шилдэг хоршоогоор шалгарсан хоршоодод шагналыг нь гардуулан өгсөн юм.
-
4 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 03 мин