
Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дууссан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, НИТХ-ын төлөөлөгчид тус үйлдвэрт ажиллалаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл юм” гэв.
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгжийн Төслийн зохицуулагч Б.Чандман “Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 100 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой. Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн” хэмээлээ.
Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй. Тус үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар барьсан юм.






-
14 цаг 14 мин