
Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг хог. Хогийг хог гэж булшилсаар байвал Улаанбаатарын газар нутаг, га талбай хүрэлцэхгүй. Тиймээс хогийг мөнгө гэж хараад ялгаж ангилаад, дахин боловсруулах туйлын шаардлага бий. Нийслэлчүүд өнөөдрийн байдлаар Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваан дахь төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаяж байна. Үүний 20-30 хувийг барилгын буюу хатуу хог эзэлдэг бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваан дахь Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт, О.Зундуйдорж, Э.Одонтуяа нар ажиллалаа.
"Нарангийн энгэр дэх хогийн цэгийн талбай нь 80.3 га байгаагаас 30 га-д хог хүлээн авч байгаа бол Цагаан давааны хогийн цэгийн тухайд 92.6 га талбайгаас 19 га-д, Морингийн даваан дахь хогийн цэгийн талбай 90.9 га байгаагаас өдгөө дүүрч 6.5 га талбайд хог хүлээн авч байгаа нь цаашид хог хаях талбайгүй болж буй аюул нүүрлэсэн. Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дууссан. Улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд Морингийн давааны хогийн цэг дэх хатуу хог дахин боловсруулах үйлдвэрийг ажиллагаанд бүрэн оруулах, зам дэд бүтцийг барих, хогийн талбайг хашаажуулах зайлшгүй хэрэгтэйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг Төлөөлөгчдөд танилцууллаа.
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгжийн Төслийн зохицуулагч Б.Чандман “8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Өдөрт 100 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой. Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн” гэлээ.






-
13 цаг 34 мин